Хараагүй болсон хагас цаг

 


Харанхуй, айдас, хөшилт. Энэ бол сайн дураар хараанаасаа татгалзсанаар мэдэрсэн анхны мэдрэмж. Ер бусын сонирхолтой нэгэн аялалд хүүгийн ангийнхан явахаар болж нөхөр бид хоёр хамт явахаар шийдсэн юм. Милан хотод байрладаг хараагүйчүүдийн нийгэмлэг, тэдний амьдралаар 40 минут амьдарч үзэх, онцгой нэгэн аялал санал болгодог юм байна. Ингээд бид Милан хотыг зорьж хараагүйчүүдийн нийгэмлэгийн байрны гадна ирэхэд, арван жилийн сургуулийн хүүхдүүдийн урт дараалал үүсжээ. Бидний ээлж ирж дотогш нэвтрэхэд, нийгэмлэгийн ажилтан биднийг угтан авч, аялал хэрхэн явагдахыг тайлбарлаад биднийг хариуцан аялах хараагүй хөтчид хүлээлгэн өглөө. Уг нийгэмлэгийн ажилчид бүгд хараагүй хүмүүс байсан бөгөөд орон зайн гайхалтай мэдрэмжтэй, хараатай мэт явж байв. Биднийг тав, таваар нь салгаж тод гэрэлтэй хүлээлгийн танхимаас, бүдэг гэрэлтэй коридороор дагуулан хар, зузаан, даавуун хөшигтэй танхимын гадна зогсоов. Хөтөч намуухан дуугаар, хараагүйчүүдийн нийгэмлэгийг дэмжин энэхүү туршилтыг хийхээр ирсэнд эелдгээр талархаад, хүн бүрийн нэрийг асууж танилцав. Төд удалгүй өнөөх бүдэг гэрэл унтарч түнэр харанхуй, анир чимээгүй нөмрөв. Зүгээр л харанхуй бус тас харанхуй. Яаж ч хичээгээд юу ч үл олж харна. Хөтөч аажим, аажмаар урагшлахыг зааварласнаар танхим руу оров. Хамгийн эхэнд мэдрэгдсэн зүйл айдас. Юу хүлээж буйг үл мэдэх айдас. Урагш нэг ч алхаж чадахгүй хөшив. Хөтөч "Кали айх хэрэггүйдээ аажим, аажмаар урагш алхаарай" хэмээн тайвшруулав. Урд алхаж буй нөхрөөсөө тас зууран, хөлд орж буй хүүхэд шиг хөлөө болгоомжтой зөөн алхлаа. Гэнэт л шувуудын жиргээ сонсогдон салхи салхилж эхэллээ. Ой модонд орж ирсэн бололтой. Өвс, навч гарт шүргэж байна. Хөтөч биднийг цааш алхан сайн барихыг сануулснаар, дүүжин гүүрэн дээр гарлаа. Гүүр савлаж айсан бид уначихгүйн тулд утсан бариулаас нь чанга атгав. Гүүрээр гараад биднийг сандалд суухыг урилаа. Хаана ирснээ тааж ядан байтал далайн давлагаа сонсогдоод зогсохгүй чийг үнэртэв. Бид завин дээр суусан байж. Завь хөвж буй нь мэдрэгдэж, тэр ч бүү хэл ус бидэн рүү цацагдаж байсан. Завиар аялан хуурай газарт ирсэн бололтой, биднийг суудлаасаа босохыг хүслээ. Олны хөл хөдөлгөөнд орж ирсэн нь илт. Хот хүрээ газрын тэр тусмаа зах, худалдааны чимээ сонсогдов. Захаар явж өнгөрөөд биднийг чимээгүй газарт оруулан ширээ тойруулан зогсоож, ямар нэгэн зүйл нэгэндээ дамжуулах явцдаа хүрэх мэдрэмжээ ашиглан юу болохыг таах даалгавар өгсөн. Үүний дараа бид тас харанхуй кафед орж уух зүйл захиалан ууснаар аялал өндөрлөв. Хөтөч биднийг 40 минут хараагүй байсан тул шууд биш аажим, аажмаар нүдээ нээхийг санууллаа. Ийнхүү бид гэрэлт ертөнцдөө иргэн ирсэн юм. Аялал дуусаад гарах танхимын үүдэнд санал, хүсэлтийн том дэвтэрт сэтгэгдлээ үлдээхийг хүслээ. Өөрсдийнх нь ертөнцөд амьдарч үзэх боломж олгосонд нь талархаад, Монгол улсаас ирсэн гэдгээ тодотгож гарын үсэг, он, сараа үлдээлээ. 
Төсөөлж ч үл чадах ертөнцөд өөрийн биеэр нэвтрээд, тэдний зориг тэмцлийг бишрэн, хайрлан, хүндлэх сэтгэгдэл аяллын төгсгөлд гүн суув. Уг аялалд Италийн арван жилийн сургуулийн хүүхдүүд хамрагддаг бөгөөд сургалтын системд багтдаг, танхимаас гадуурх олон чухал хичээлийн нэг байсан юм. Хүүхдүүдэд амьдралын маш том хичээлийг ухаалаг, уран, сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй аргаар зааж байв. 
Хагас сайн өдөр түнэр харанхуйд оройн зоог барих хөтөлбөр ч байдаг юм билээ. Милан хотод ирвэл заавал хийж үзээрэй гэж зөвлөмөөр байна.  

Хараагүйчүүдийн нийгэмлэгийн хаяг : 
Dialogo nel buio- Institute of the blind in Milan 
Villa Necchi Campiglio, Via Vivaio 7, 20122.








Comments

Их үзэлттэй