Рианнагийн нутаг Барбадос


                                                Ciao bella.
Энэ жилийн төрсөн өдрийг минь тохиолдуулан нөхөр аяллаар явах санал гаргаж хаашаа хэмээх асуултад хариулт хайх амархан бөгөөд сэтгэл догдлуулсан ажилд томилогдов. Хариулт визгүй, холгүй, халуун орон байх хэрэгтэй гэсэн бидний энэ удаагийн аяллын шалгуурт нийцэж байх ёстой. Зүүн өмнөд азийн улсууд хэтэрхий холдоод байснаас гадна өмнө нь олон удаа явж байсан болохоор энэ удаа чиглэлээ өөрчлөхийг хүссэн юм. Аялахыг хүсдэг газруудынхаа жагсаалтыг сөхтөл Карибын арлуудын ер бусын гоо үзэсгэлэнд ховсдууллаа. Интернэтээр судлах явцад Карибын арлын улс болох Барбадос, тэр бүр хүмүүсийн түгээмэл сонголт болдоггүй болохыг анзаарч, сонирхол төрөн мөн бидний аяллын шалгуурт ч нийцэж байгааг олж мэдлээ. Холгүй, визгүй, Карибын арлын улс. Ачаагаа баглаж паспортоо атгаад аян замд гарлаа. Энэ удаагийн аялалд нөхөртэйгөө хоёулхнаа гарж буйгаараа онцлог. Ээж, аав хоёр Италид ирсэн байгаа боломжийг ашиглан, хамаг ардхаа тэдэнд даатгаж орхиод арав хоног үүрэг, хариуцлагаас өөрсдийгөө чөлөөлж орхилоо.


Миланаас Лондонгийн чиглэлд ниссэний дараа Лондонгоос Барбадос руу ниссэн. Онгоц маш их савалгаатай байсан тул бид үхтлээ айж, зорчигчид урд суудлынхаа түшлэгээс тас зууран нүдээ аньцгаан, амандаа ямар нэгэн зүйл бувтнацгааж байв. Үнэхээр тийм их савлагаатай байсан юм шүү. Эхний онгоц Лондонд газардах үед интернэттэй золгож гэрийнхэнтэйгээ холбогдон, бараг л гэрээслэл үлдээснээ бодохоор одоо инээд хүрэх шиг. Агаар дээрх амаргүй аялал ашгүй нэг өндөрлөж, Барбадос улсад амжилттай газардлаа. Шалган нэвтрүүлэх хэсэгт хувийн мэдээлэл, аяллын зорилго, байрлах буудал, үлдэх хугацаа, цээж зураг зэргээ өөрсдөө хийдэг автомат төхөөрөмжтэй байсан нь орчин үелэг, технологижсон улс юм болов уу гэх анхны таамаг дэвшүүлэв. Үүний дараа хилийн эмэгтэй ажилтан "Барбадост тавтай морил" хэмээн инээмсэглэн угтаж, улсдаа нэвтрэх эрх олгосноор бидний аялал албан ёсоор эхэллээ.


Онгоц нар жаргахтай уралдан газардаж, бид такси хөлөглөн зочид буудлын зүг давхиж, ачаа тээшээ өрөөндөө оруулж шидчихээд, далайн эрэг рүү яаран гарлаа. Далайн эрэг дээр наран жаргаж буй мөч амар амгалан, гоо үзэсгэлэнг авчирч аян замын алжаалыг хормын дотор тайлж орхив.



Карибын тэнгисийн арлуудын хамгийн зүүн хэсэгт, Америк тивийн бус нутагт оршдог Барбадос улс 1966 онд тусгаар тогтнолоо олж, Барбадосын хатан хаан II Элизабетийн хамтын нөхөрлөлийн хаант улс болохоос өмнө Испанийн далайчид 15-р зууны сүүлчээр, Португалийн эзэнт гүрэн 1532-1536 оны хооронд арлыг тус тус эзэмшиж, 1625 оны 5-р сарын 14-нд Английн хөлөг онгоц Барбадост ирж, арлыг хаан Жеймс I-ийн нэрээр эзэмшиж авчээ.1627 онд Англиас анхны байнгын оршин суугчид ирэн, Барбадос нь Английн, дараа нь Британийн колони болжээ. Энэ хугацаанд колони нь арлын тариалангийн талбайд ажиллаж байсан Африкийн боолуудын хөдөлмөрт тулгуурлан хөвөн, тамхи, чихрийн тариалангийн аж ахуй эрхэлдэг байсан байна. Боолчлол нь 1833 оны Боолчлолыг устгах тухай хуулиар Британийн эзэнт гүрний ихэнх нутаг дэвсгэрт үе шаттайгаар халагдах хүртэл үргэлжилжээ. 


Барбадосын хүн ам гол төлөв Африк гаралтай хүмүүс байдаг. Барбадос нэрийн гарал үүсэл Португал хэлний os Barbados болон Испани хэлний los Barbados гэсэн үгнээс гаралтай бөгөөд хоёулаа "сахалтай хүмүүс" гэсэн утгатай. "Сахалтай" гэдэг нь арлын уугуул сахалтай инжир модны (Ficus citrifolia) урт унжсан үндсийг хэлж байна уу, эсвэл өмнө нь тус аралд амьдарч байсан сахалтай гэгддэг Карибуудыг хэлж байна уу гэдэг нь тодорхойгүй. Барбадосчууд өөрсдийн төрөлх арлыг "Бим" гэж нэрлэдэг. Нэрийн гарал үүсэл нь игбо хэлний bém гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь "Миний гэр" гэсэн утгатай. Игбо хэл нь зүүн Нигерийн үндэстэн болох Игбо хүмүүсийн уугуул хэл. Энэ хэлийг арал дээрх боолууд ихэвчлэн ашигладаг байсан бөгөөд хэдэн зуун жилийн дараа ч гэсэн хэллэг, үгс нь нутгийн ярианы хэллэгт байсаар байна. Барбадос улс хоёр улиралтай бөгөөд нэг улиралд нь мэдэгдэхүйц их хэмжээний хур тунадас ордог "Нойтон улирал" гэж нэрлэгддэг. Энэ үе нь 6-р сараас 12-р сар хүртэл үргэлжилдэг. Нөгөө улирал нь "Хуурай улирал" 12-р сараас 5-р сар хүртэл үргэлжилдэг. 12-р сараас 5-р саруудад дундаж температур 21-31 °C хооронд хэлбэлздэг бол 6-р сараас 11-р сарын хооронд 23-аас 31 °C хооронд хэлбэлздэг. Барбадос руу жилийн турш аль ч сар, ямар ч улиралд нь аялж болох таатай уур амьсгалтай. Англи хэл нь Барбадосын албан ёсны хэл бөгөөд арал даяар харилцаа холбоо, удирдлага, нийтийн үйлчилгээнд ашиглагддаг. Гэсэн ч ихэнх нутгийн хүмүүс Бажан хэмээх аялгаар ярьдаг.


Барбадосын тухай сонирхолтой 10 баримт:
1.Хойд Атлантын далайн хамгийн баруун хэсэгт оршдог ч Барбадос нь Атлантын арлын оронд Карибын тэнгисийн арал гэж тооцогддог.
11.Барбадос нь 1639 оноос хойш тасралтгүй парламентын засаглалтай, дэлхийн гурав дахь хамгийн эртний парламенттай улс.
3.Барбадос нь ундны цэвэр устай бөгөөд Карибын тэнгисийн анхны ус дамжуулах хоолойтой арал юм.
4.Усан үзэм Барбадост анх үүссэн. Усан үзэм нь 17-р зууны үед үүссэн эрлийз цитрусын жимс.
5.Барбадос бол Ерөнхийлөгч Жорж Вашингтоны амьдралынхаа туршид АНУ-аас гадна очиж үзсэн цорын ганц газар.
6.Барбадос, Япон улсууд нэг хүнд ногдох зуун настнуудын тоогоор дэлхийд тэргүүлдэг.
7.Барбадосыг ром дарсны өлгий нутаг гэж үздэг. 1703 онд үүссэн дэлхийн хамгийн эртний ром брэнд болох Mount Gay-ыг Барбадост үйлдвэрлэдэг.
8.Барбадос бол алдарт дуучин Рианнагийн төрсөн газар. 
9.Барбадос нь Карибын тэнгисийн хоёр дахь том (нэн ховордсон) шонхор яст мэлхийн үржүүлгийн популяцитай.
10.Арлыг эрт дээр үеэс "Нисдэг загасны орон" гэж нэрлэж ирсэн. Учир нь загаснууд уснаас үсэрч 50 метр хүртэл гулсаж, нисч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Эдгээр загаснууд агаарт 45 секундийн турш байж, цагт 70 миль хурдтай явж чаддаг.
 



Бид аяллынхаа ихэнх хугацааг далайн эрэг дээр зөөлөн, цагаан элсэн дээгүүр хөл нүцгэн гүйж, номин цэнхэр тэнгисийн усанд шумбаж, далайн давлагаан намуухан аялгуунд бүүвэйлэгдэн, нарны халуун элчинд биеэ ээн, кокосны цэвэр шүүсээр цангаагаа тайлаад, шинэхэн гэрлэсэн хосын бал сар шиг амралтыг эдэлж өнгөрүүлсэн. 
Арлын баруун эрэг нь Карибын тэнгисийг зөөлөн давлагааг санал болгодог бол зүүн эрэг нь Атлантын далайн хүчтэй давлагаатай. Тиймээс арлын зүүн эрэг бол серфингчдийн диваажин. Арлыг тойрон хүрээлсэн далайн эргүүдээр завиар зугаалж, усанд шумбах, серфинг хийх, далайн гүнд загасчлах зэрэг бараг бүх төрлийн усан спорт, аяллыг хийх боломжтой. Тэр ч бүү хэл яст мэлхийтэй хамт сэлэх аялал санал болгодог. Барбадос нь ногоон яст мэлхий, харцага, шонхор яст мэлхий, арьсан нуруу зэрэг дөрвөн зүйлийн яст мэлхийн өлгий нутаг.








Далайн эрэг дээр өдрийг өнгөрүүлэхдээ эрэг дагуу байх өнгөлөг түргэн хоолны мухлагуудаас акулын махан сэндвич, нисдэг загас, загасан бялуу зэрэг сонирхолтой нэртэй нутгийн хоолнуудаас идэж үзсэн. Хоолны тухайд далайн хоолнууд болон Энэтхэг, Африк гаралтай хоол зонхилдог. Бажан үндэсний хоол бол нисдэг загас болон ку-ку юм. Эдгээр хоолнуудаас Карибын тэнгисийн нэрийн хоол буррито буюу Барбадос роти надад ихээр таалагдсан. Нимгэн гамбирыг тахиа болон үхрийн махан сонголтоор карритай төмс, бяслагаар баяжуулсан. Халуун ногоонд дуртай бидний хувьд Бажан үндэсний халуун соусыг амаа чимчигнэтэл идэж бүр гэр рүүгээ буцахдаа бараг жил хэрэглэх том савлагаатайг авч явсан гээд боддоо.








Аяллын хагаст бид нийслэл хот орохоор болж нутгийн иргэдийн өдөр тутмын унаа болох жижиг микро автобусанд сууж үзэхээр шийдлээ. Буудал бүрийг зарлах кондуктор, чанга орилох хөгжим, шахалдан суусан зорчигчид, хурдлан давхих жолооч танил дотно санагдав. Оюутан ахуйдаа яг л ийм микро автобусаар гэр, сургуулийн хооронд явдаг байсан сан. 



Барбадосын нийслэл Бриджтаун бол арлын баруун өмнөд эрэгт байдаг 1628 онд байгуулагдсан боомт хот. Британийн колонийн үеийн архитектур, 17-р зууны гарнизон, морин уралдааны замаараа алдартай.Нийслэл төдийгүй хамгийн том хот нь Африк, Америк, Британийн өв уламжлалыг хослуулсан оршдог.
Бриджтауны 3 баримт:
1.Бриджтауны 17,18,19-р зууны үеийн барилгууд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.
2.Бриджтауны өмнөд хэсэг нэгэн цагт асар том намаг байсан.
3.Бриджтаун нь Лорд Нелсоны хөшөө бүхий Трафальгарын талбайтай. Хөшөө 1813 онд баригдсан бөгөөд Лондон дахь алдартай Адмирал Лорд Нелсоны хөшөөнөөс илүү хуучин.






Хотын төвөөр зугаалж дуусаад зочид буудал руугаа буцахаас өмнө сүүлчийн зогсоол  болох алдарт дуучин Рианнагийн хуучин гэрээр зочилсон юм. Барбадос улс Тусгаар тогтнолынхоо 50 жилийн ойн өдрөөр Рианнагийн өссөн гудамжийг түүний нэрээр нэрлэж, хүндэтгэл үзүүлжээ. Жижиг арлын эгэл охиныг хэр хол явж, хаана хүрснийг нь харах сэтгэл хөдөлгөм, урам зоригтой байлаа. Барбадосын бусад байшингууд ч Рианнагийн байшингийн нэгэн адил өнгөлөг, жижиг, өхөөрдөм.


Далайн эрэгт нар жаргаж буй мөчийг бид нэг ч өдөр алгасалгүй ширтэж, бүрэнхий нөмрөх үед эргийн зоогийн газруудад хооллосны дараагаар шөнийн гудамжаар нь хөтлөлцөн зугаалж, халуун орны амтат коктейль шимэн, амьд хөгжим сонсонгоо орчноо сонжин элдэвийг ярилцаад, өөрсдөдөө олгосон эрх чөлөөт арван үдшийг үдсэн юм. 





Ил захидал дээрх Карибын арлын үзэсгэлэнт зураглалыг өөрсдийн нүдээр үзэж, хүслийн жагсаалтынхаа нэгийг бодит болгосондоо талархаж байна. Шинэ газар, шинэ түүх, шинэ соёл, шинэ дурсамжаар аяллын богцоо дүүргээд буцлаа. Гэрэл зураг авах хоббитой миний дуранд аяллын турш буусан бусад агшнуудыг блогийнхоо төгсгөлд сонирхуулж байна. 



















Comments

Их үзэлттэй