Италийн зул сарын өвөрмөц уламжлалууд




Ciao bella.
Эртний чулуун гудамж гэрлэн чимэглэлээр амилж, сүмийн хонхны жингэнэх чимээ баярын дуутай хоршиход, төв талбайн сүрдэм гацуурыг албан ёсоор асаадаг 12-р сарын 8-ны өдөр. Энэ өдөр Итали орон даяар гацуур модоо засаж Христийн мэндэлсэн өдөр хүртэлх тооллыг сэтгэл догдлон эхлүүлдэг. Учир нь энэ өдөр Есүсийн эх Мариа бурхнаас "нүгэлгүй" амьдрахаар адислагдсан өдөр бөгөөд цэвэр ариун байдлыг бэлгэддэг. 1854 оны 12-р сарын 8-нд Ватикан энэ өдрийг албан ёсоор тунхаглаж улс орон даяар баяр, амралтын өдөр болгож зул сарын баярыг эхлэлийг тэмдэглэж иржээ. Итали орны зул сарын баяр баялаг түүх домог, гүн гүнзгий ёс заншилтай. Бусад улс оронд байдаггүй сонирхолтой уламжлалуудаас нь блог шимтэн уншигч нартаа сонирхуулъя.


1. Зул сарын өлгий чимэглэл. Сүм хийд, олон нийтийн талбайд болон католик шашинтай итали гэр бүлүүд Есүсийн төрсөн өдрийн ахуй амьдралыг дүрслэн харуулсан үзэсгэлэнг бүтээн дэлгэн тавьдаг. Энэхүү төрөх ёслолын уламжлал нь Христийн шашны эхэн үеэс улбаатай ч өнөөдрийн бидний мэдэх "Presepe" буюу зул сарын өлгий гэх ойлголт нь Италиас гаралтай гэж үздэг. Христийг мэндэлсэн өдрийг дүрсэлсэн энэхүү уламжлал нь өдгөө дэлхийн бүх католик шашинтай орнуудад өргөн тархсан зул сарын нэг уламжлал юм. Дүрслэлд Христийн ээж Мариа болон түүний аав Иосеф, дөнгөж төрсөн Есүс, сахиусан тэнгэрүүд, гурван мэргэн хүн, хоньчид болон бусад мал, амьтад урц овоохойг дүрсэлсэн баримлууд багтсан байдаг. Энэхүү дүрслэл Италийн соёл, өвийн нэгэн чухал хэсэг бөгөөд зул сарын гол чимэглэл юм.




2. Итали хүүхдүүд Санта Клаусыг биш харин эмгэн шулам хүлээдэг. Тиймээ шүүр унасан эмгэн шулам! Тэдний тэсэн ядан хүлээдэг эмгэн шулмыг "La Befana" гэдэг. Италийн аман зохиол, домогт 1-р сарын 5-ны шөнө эелдэг эмгэн шулам Бефана шүүрээ унан хүүхдүүдэд бэлэг өгөхөөр ирдэг. Христийн шашинд Бефанатай холбоотой түүх, домог олон байдаг ба тэдний нэгт гурван мэргэн хүн, нялх Есүстэй уулзахаар явах замдаа Бефанагийн гэрт саатаж түүнийг хамт явахыг ятгасан ч тэрээр татгалзжээ. Гурван мэргэнийг явсны дараа гаргасан шийдвэртээ харамсан араас нь явсан ч бурхны хүү Есүсийг олж чадаагүй байна. Тиймээс тэрээр жил бүр эрэл хайгуулаа үргэлжлүүлэн хүүхэдтэй айл бүрээр зочилж бяцхан Есүсийг олох итгэл найдвар тээн бэлэг үлдээдэг. Тэрээр айлуудын яндангаар нэвтрэн хүмүүжилтэй хүүхдүүдэд бэлэг харин дэггүй хүүхдүүдэд нүүрс үлдээдэг. Нүүрс хүлээж авсан хүүхдүүд ирэх онд зан авираа сайжруулах сануулга гэж үздэг. Түүнийг зочлоод буцахдаа шалыг нь шүүрдэж ирэх жилийн бэрхшээл, саадыг цэвэрлэдэг хэмээн бэлгэшээдэг. Бефана нь уранхай ноорхой хувцастай, алчуураар толгойгоо боож шүүр унасан хөгшин эмгэний дүрээр дүрслэгддэг. Италийн ард түмний дунд тэр тусмаа Тоскана, Умбрия, Лацио болон төв, өмнөд бүс нутагт Бефанаг түгээмэл тэмдэглэдэг. Эдгээр бүс нутгуудын хот, тосгонд Бефанагийн хүндэтгэлийн жагсаал болж хүмүүс эмгэн шулам шиг хувцаслан баярлан цэнгэдэг. Энэ бол төв болон урд зүгийн ард иргэдийн зул сарын баярт өнгө аяс нэмдэг содон уламжлал юм.





3. Санта Лучиа "Santa Lucia" бол Италийн хойд зүгийн хүүхдүүдэд Сантагийн үүргийг гүйцэтгэдэг эмэгтэй гэгээнтэн юм. Санта Лучиагийн уламжлалт баяр нь бүс нутгаас хамаарч өөр, өөр байдаг. Италийн хойд хэсэгт, тухайлбал Трентино-Альто Адиже, Ломбарди, Венето, Венец, Эмилия-Романья зэрэг газруудад Санта Лучиа баярыг илүү өргөн тэмдэглэдэг. Хүүхдүүд долоо хоногийн өмнө Санта Лучиад захидал бичээд 12-р сарын 13-ны шөнө Лучиаг ирэхэд зориулж жигнэмэг, сүү түүнийг дагалдан яваа илжгэнд өвс, лууван бэлдэж тавиад унтдаг. Хүүхдүүд хол зам туулан ирж байгаа түүнд талархлаа илэрхийлж буй нь тэр юм. Түүнийг ирэх үеэр хүүхдүүд орондоо орж нүдээ аньсан байх ёстой, эс бөгөөс гэгээнтэн Лучиа нүд рүү нь үнс цацаж түр сохлох болно. Учир нь Лучиаг сүсэг бишрэлээс нь болж цаазаар авч эрүүдэн шүүлтийн үеэр нүдийг нь ухсан тухай түүх, домогт өгүүлдэг. Хэдийгээр нүдийг нь сохолсон ч шидийн хүчээр нүд нь эргээд сэргэсэн гэлцдэг. Түүнийг хараагүйчүүдийг ивээн тэтгэгч гэгээнтэн гэдэг бөгөөд нүд нь өвдсөн хүмүүс түүнд залбирдаг юм. Санта Лучиагийн өдөр 12-р сарын 13-нд тохиодог нь санамсаргүй хэрэг биш юм. Григорийн тооллын өмнө 12-р сарын 13-ны өдөр нь жилийн хамгийн богино өдөр байжээ. Хэдийгээр одоогийн тооллоор жилийн хамгийн богино өдөр 12-сарын 21-нд тохиодог ч "Santa Lucia, il giorno più corto che ci sia" гэгээн Лучиа, хамгийн богино өдөр гэх хэллэг өнөөдөр ч ард түмний дунд хэлэгдсээр байна. Учир нь гэгээнтэн Лучиа нь дахин уртсаж буй өдрүүдийг тунхаглаж гэрэл, гэгээ авчрагч билэг тэмдэг болдог. Түүний Лучиа хэмээх нэр ч гэрэл гэсэн утгатай. 




4. Зул сарын амттан "panettone" болон "pandoro". Панеттоне болон пандоро нь Италийн зул сарын баярын хоёр уламжлалт амттан юм. Италичууд баярын ширээн дээрээ бялуу тавьдаггүй бөгөөд оронд нь амтат талх панеттоне болон пандорогийн аль нэгийг сонгодог.  Панеттоне нь хатаасан жимс, самраар дүүргэсэн амтат талх. Панеттоны нь маш эртний 1400 оноос эхтэй бөгөөд Миланаас гаралтай. Нэгэн домогт Людовико ил Морогийн ордны тогооч санаандгүй үйлчлэх ёстой байсан бялууг түлж орхижээ. Гал тогооны өрөөнд үлдсэн гурил, өндөг, цөцгийн тос, үзэм, нимбэгийн хальс зэргийг ашиглан бэлтгэсэн туслах Тонигийн амттанаар тэр өдөр үйлчилсэн байна. Ордныхон бялууг маш их үнэлж, түүнийг зохион бүтээгчийн нэрээр "Pan del Toni" Тони талх гэж нэрлэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Панеттон болон өөрчлөгджээ.



5. Харин "Pandoro" нь панеттонетэй төстэй боловч өөр хэлбэр, бүтэцтэй. Италийн альпийн нурууны цаст оргилыг санагдуулам элсэн чихрийн тоосонцроор бүрсэн ванилийн үнэртэй хөвөн зөөлөн амтат талх. Талхыг зүсэхэд гацуур модыг санагдуулам хэлбэр үүсдэг. Пандорогийн гол найрлага нь гурил, өндөг, элсэн чихэр, цөцгийн тос, хөөлгөгч. Ихэвчлэн ваниль эсвэл нимбэгийн хальсаар амталсан байдаг. Энэхүү амтат талхыг "Mascarpone" өтгөн крем эсвэл шоколадны сүмсээр амтлан идвэл салахын аргагүй амттай. Пандоро нь Италийн Верона хотод 18-р зууны сүүл үеэс үүссэн гэж үздэг. Пандоро алтан талх гэж орчуулагддаг нь талхыг болгох үед алтан өнгөтэй болдогтой холбоотой юм. Анх язгууртнуудад зориулж хийсэн амтат талх өнөөдөр Итали орон төдийгүй бусад улс оронд ч зул сарын уламжлалт амттан болж алдаршжээ. 




6. Гуалин шатаах уламжлал. Зарим бүс нутагт айл өрхүүд азын билэг тэмдэг болгон гуалин модыг галын зууханд шатааж, хүслээ шивнэх заншил үйлддэг. Энэхүү заншлыг "Ceppo di natale" гэдэг. Гуалинтай холбоотой уламжлал, зан үйл, мухар сүсэг нь газар бүрд харилцан адилгүй байсан бөгөөд одоо ч мөн адил. Христийн шашны уламжлалд хоньчид нялх Есүсийг дулаацуулж, гэтэлгэлийн галыг хадгалахын тулд гуалинг шатааснаас үүдэн 12-р зуунаас үүсэлтэй байх магадлалтай гэж үздэг. Ямартай ч айл бүр задгай зуухтай байсан эрт үед Христийн мэндэлсний баярын өмнөх орой гуалин модыг адислан тууз, цэцэг зэргээр чимэглээд дарс эсвэл сүү цацаж тос, зөгийн бал, цөцгийн тосоор бүрхэж бэлдсэний дараа өрхийн тэргүүн задгай зуухандаа шатаадаг байжээ. Шатаж байх үед хүслээ шивнэвэл хүсэл биелнэ гэж үздэг. Модыг шатаасны дараа үнсийг аз одыг билэгдэж муу ёрын сүнснүүдийг зайлуулахын тулд гэртээ хадгалдаг байна. Энэхүү гуалин мод шатаах ёс заншил нь хуучин он дуусаж шинэ он гарч буйг мөн билэгддэг. Уламжлал хүчтэй хэвээр байгаа газрууд олон нийтийн талбайдаа цугларан гуалин шатаах ёслол үйлдэх нь ч бий.



7. Италийн уламжлалд Христийн мэндэлсний баярын өдөр улаан дотуур хувцас өмсөх нь ирэх жилд аз, хөгжил цэцэглэлтийг авчирдаг гэж үздэг. Энэ заншлыг "indossare la biancheria rossa" улаан дотуур хувцас өмсөх гэж нэрлэдэг. Эрэгтэй, эмэгтэй үл шалтгаалан Италичууд Христийн мэндэлсний баяраар улаан дотуур хувцас өмсөж, ирэх жилийн аз завшааныг дууддаг уламжлалтай.12-р сар гармагц дэлгүүр, томоохон худалдааны төвүүдийн дотуур хувцасны тасгууд улаан өнгийн дотуур хувцаснуудаар лангуугаа чимдэг бөгөөд улаан өнгийн дотуур хувцасны борлуулалт эрс нэмэгддэг. 





9. Бэлгийн уламжлал. Христийн мэндэлсний баярын үеэр бэлэг дурсгалын цөөн хэдэн нийтлэг уламжлалууд байдаг. Италичууд ерөнхийдөө гэр бүл, ойр дотнын найзуудынхаа дунд даруухан, утга учиртай жижиг бэлэг солилцдог. Эдгээр бэлэгт баярын ширээнд нь чимэг болох хоол, хүнсний зүйлс ихээхэн хувийг эзэлдэг. Дэлгүүрүүд, брэндүүд бэлгийн багц бэлдэн худалдан борлуулдаг. Багцад Итали айл бүрийн өргөн хэрэглэдэг шоколад, дарс, оливын тос, бяслаг, паста, жимсний чанамал, зөгийн бал зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг багтаасан байдаг. Мөн гар урлалын бүтээгдэхүүн, эсвэл хувийн эд зүйл ч бэлэглэх нь бий. Өмнө дурдсанчлан "panettone" болон "pandoro" нь Италийн зул сарын баярын алдартай амттан юм. Эдгээр амттаныг баярын үеэр бэлэг болгон мөн өгдөг. Бэлэг өгөх ёс заншил гэр бүлүүд, бүс нутаг зэргээс хамаар ч өөр, өөрийн гэсэн өвөрмөц уламжлалтай байдаг. 




3. Шөнө дундын мөргөл. Католик шашинтай Итали хүмүүс бүтэн сайн өдөр бүрийн өглөө  гэрийн ойролцоо байх сүмд очиж мөргөл, залбирал үйлддэг. Харин зул сарын баярын өмнөх өдөр 23:00 цагаас шөнө дундын мөргөл үйлддэг уламжлалтай. Нийслэл Ром хотын гэгээн Петрийн сүм, Милан хотын Дуомо сүм, Венецийн Сан Марко зэрэг алдартай сүмүүд болон орон даяар католик сүмүүдэд зохион байгуулагддаг шашны тусгай арга хэмжээ юм. Уг мөргөлд сүсэг бишрэлтэй Итали хүмүүс болон баярын уур амьсгал, баяр баясгаланг мэдрэхийг хүссэн хүмүүс олноор цугладаг. Шөнө дундын мөргөл тайван, хүндэтгэлтэй явагддаг бөгөөд сүмүүд гацуур мод, улаан зул сарын од цэцэг болон лааны гэрлээр чимэглэсэн байдаг. Мөргөлд залбирал, магтан дуулалт, судар уншлага, тахилчийн номлол зэрэг багтдаг. Энэ арга хэмжээ нь Христийн мэндэлсэн өдрийн ач холбогдлыг эргэцүүлэн бодож, шүтэн биширч, баярлах утга агуулга, зорилготой байдаг.



8. Баярын зоогийн уламжлал. Энэхүү уламжлал нь мөн л бүс нутгаас шалтгаалж өөр, өөр ёс заншил байдаг ч Христийн мэндэлсний баярын зоогийг орон даяар гэр бүлээрээ цуглан хооллодог уламжлалтай. Зул сарыг гэр бүлтэйгээ, улаан өндөгний баярын хэн хүссэнтэйгээ "Natale i tuoi, pasqua con i vuoi" гэсэн Итали үг байдаг. Тиймээс Итали гэр бүлүүд зул сарын баяраар халуун ам бүлээрээ цуглан хооллохын тулд тал, талаас төрсөн гэртээ цуглацгаадаг. Баярын зоогийг гэрийн эзэгтэй "гараа гаргаж" улирлын чанартай, уламжлалт хоолнуудыг хийж бэлтгэдэг. Энэхүү гэр бүлийн баярын зоог нь олон курсээс бүрддэг. Зоогийг чанасан мах, бяслаг, даршилсан ногоо, бручетта зэргээс бүрдсэн зуушаар эхлүүлдэг бол "Primo piatto" нэгдүгээр курст ихэвчлэн лазанья, тортеллини, рисотто зэрэг хоолнууд багтдаг. Харин "Secondo piatto" хоёрдугаар курст ихэвчлэн цацагт хяруул, гахайн мах, үхрийн мах зэргийг шарж бэлтгэсэн байдаг. Үндсэн хоолыг дагалдуулан жигнэсэн төмс, ногоо, болон шинэхэн ногооны салатыг оливын тос, давсаар амталсан хачрууд бэлддэг. Баярын зоогийн төсгөлд панеттон, пандорог амталдаг уламжлалтай. Италичууд зоогийн турш дуртай дарсаа хайртай хүмүүстэйгээ хуваан, тавьж уудаг уламжлалтай. 



9. Харин урд зүгт долоон загасны баярын зоог түгээмэл. Долоон загасны баяр нь ихэвчлэн долоон төрлийн далайн хоолноос бүрддэг. Энэ уламжлал нь Италийн өмнөд хэсгээс гаралтай бөгөөд үүнийг Вигил "La Vigilia" гэж нэрлэдэг. Энэхүү далайн хоол иддэг ёс заншил Ромын католик шашны баярын өмнөх өдөр мах идэхээс татгалздаг уламжлалаас үүдэлтэй. Долоо тоо нь католик сүмийн долоон ариун ёслол, Ромын долоон толгод эсвэл өөр эх сурвалжаас гаралтай ч байх магадлалтай. Уламжлалын алдартай хоол бол "Baccalà" давсалсан сагамхай загас юм.


                                   2018 оны зул сарын баярын зоогийн дараах манай гэр бүлийн бинго.

10. Баярын тоглоом. Итали хэлээр "Tombola" гэж нэрлэгддэг бинго тоглоом нь Италийн зул сарын зугаатай уламжлалуудын нэг. Италичууд зул сарын өмнөх өдөр гэр бүлээрээ хооллосны дараа ширээгээ цэвэрлэн тойрон суугаад шөнө дундын мөргөл хүртэл бинго тоглон цагийг инээд хөөр, баяр баясгалантай өнгөрүүлдэг. Тоглоомд багахан мөрий тавьж хожсон баг авдаг ба ирэх жил аз хийморьтой байх нь хэмээн бэлгэшээдэг. Томбола тоглоом нь 1734 онд Неаполийн хаан Чарльз, эцэг лам Грегорио Мария Рокко нарын хооронд үүсэн маргаанаас үүдэн гарчээ. Хаан сугалаат тоглоом " Lotto"-ыг  албан ёсных болгохыг хүссэн бол эцэг лам иргэдийг залбирахын оронд ёс суртахуунгүй зугаа цэнгэлд хамаг цагаа үрнэ хэмээн дургүйцжээ. Эцэст нь хаан хүссэндээ хүрч албан ёсных болгосон ч зул сарын баярын үеэр түр тоглохыг хориглох эцэг ламын болзлыг хүлээн зөвшөөрчээ. Гэсэн ч ард иргэд баярыг "Lotto "сугалаат тоглоомгүй төсөөлж чадахгүй байсан тул гэр бүлийн өөр нэгэн хувилбар болох "Tombola"-г бүтээн тоглож эхэлсэн байна. Энэхүү зул сарын уламжлалт тоглоом одоо ч хүчтэй хэвээрээ бөгөөд манай итали гэр бүл ч жил бүр тоглодог уламжлалтай.



11. Зул сарын захын тухай дэлгэрэнгүйг энд

Зул сар, шинэ жилийн баяр хаяанд ирж, дэлхий даяараа тогтож ядан догдлон суугаа энэ үед баярын уур амьсгал бага ч гэсэн нэмсэн гэж найдаж байна. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Өө нээрээ блогт сэтгэгдлээ үлдээж аль уламжлал нь өвөрмөц санагдсаг тухай гаа бичээрэй. Тун удахгүй дараагийн бичвэрээр уулзацгаая.


Comments

  1. Italyd unguruulsen shan muchuu dursaad goyo bnaa.

    ReplyDelete
    Replies
    1. Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.

      Delete

Post a Comment

Их үзэлттэй