Зул сарын зах

 



Ciao bella.
2014 онд Италийн мөнх цаст Альпийн нуруудын энгэрт байрлах Тренто хотын зул сарын захад зочилсон минь өвлийн гайхамшигт ертөнцөд нэвтэрсэн анхны тохиолдол байсан юм. Орой дээрээ өхөөрдөм бөмбөлөгтэй өнгө, өнгийн малгай өмссөн хүмүүс нааш, цааш холхилдож зул сарын баярын дуунууд захаар нэг эгшиглэн, хаа нэгтэйгээс ямар нэгэн амттай зүйлийн анхилуун үнэр ханхалж, хажуугийн дүнзэн лангуунаас халуун уур савсаж байсан. Тэр дүр зураг одоо ч миний дурсамжид өчигдөр юм шиг л тодхон. Магад би жил бүр тэр л ертөнцдөө эргэн ирдэг болохоор тэр биз ээ. Ингээд аяга халуун шоколадаа аваад галын дэргэдэх зөөлөн буйдандаа тухлан зул сарын захаар надтай хамт аялахыг урьж байна. 




Зул сарын баярын зах нь хэдэн зууны тэртээгээс үүссэн баялаг түүхтэй. Зул сарын баярын захын уламжлал нь дундад зууны сүүлчээр Европт анх үүсжээ. Анхны зах 1294 онд Австри улсын Вена хотод зохион байгуулагдсанаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Энэхүү зах нь "Арванхоёрдугаар сарын зах" хэмээн нэрлэгддэг байсан бөгөөд өвлийн улиралд нэн шаардлагатай хоол хүнс, хэрэгцээт зүйлсийг худалдан авч, нөөцлөх зорилгоор голлон үүсгэн байгуулагджээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр "Арванхоёрдугаар сарын зах" хоол хүнс, амттан, уух зүйлээр үйлчилдэг болж дуу хөгжим, амьд тоглолт төрөл бүрийн зугаа цэнгэлийн арга хэмжээ зохиогдон олон нийт цугларан баярлаж, цэнгэдэг газар болон хувирчээ. Зул сарын зах 80-90 ээд оны хооронд Европ даяар тархаж, эцэст нь дэлхийн бусад хэсэгт хүрч баярын салшгүй нэг хэсэг, хүсэн хүлээдэг уламжлал болон тогтжээ.







Зул сарын баярын зах нь ихэвчлэн 11-р сарын сүүлийн долоо хоногоос эхлэн 1-р сарын эхний долоо хоног хүртэл гадаа түүхэн, төв талбайнуудад зохион байгуулагддаг. Захад зул сарын баяртай холбоотой бүхий л зүйлийг нэгтгэн худалдан борлуулж, дэлгүүр хэсэх өвөрмөц, сонирхолтой аргийг санал болгодог. Захад тухайн бүс нутгийн гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс, гацуур модны болон гэр ахуйн гоёл чимэглэл, тоглоом, дулаан хувцас, эдлэл зэрэг өргөн хүрээний барааг улаан даавуун дээр, гоёмсог гэрлээр чимэглэсэн дүнзэн лангуунуудад дэлгэн үзүүлдэг. Зул сарын зах нь бүс нутгийн баярын уламжлал, гар урлалтай танилцах сайхан боломж. Нөхөр минь намайг Италид амьдраад хэдийн таван жил болж багаа ч жуулчны сэтгэхүйгээ гээгээгүй л байгаа гэдэг юм. Учир нь би жил бүр зул сарын захаар зочлохдоо тэнд дэлгэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг анх удаа харж байгаа юм шиг л догдлон, сонжин үздэг.










Итали улсын хувьд бүс нутаг бүрд өөрийн өвөрмөц шинж чанар, уламжлалаа шингээсэн зул сарын захыг нээдэг.  Италийн зул сарын захад хөл тавихуйд хуурсан туулайн бөөр самар, шинэхэн жигнэсэн талх, уламжлалт амттаны тансаг үнэр угтана. Захаар хэсэн бээрсэн үед халуун улаан дарс винбрюле болон Италийн өвлийн халуун коктейль бомбардино дулаацуулах болно. Цанын баазуудад алдартай Италийн халуун коктейль бомбардиног бренди, өндөг, элсэн чихэр, сүү зэрэг орцоор хийдэг. Харин хүүхэд багачуудын амны цангааг тайлан дулаацуулах халуун шоколад, халуун алимын шүүсээр үйлчлэх лангуунууд бий. Италийн зарим хотууд зул сарын баярын захаараа ихээхэн алдартай. Жишээлбэл, Трентино-Альто Адижийн бүс нутгийн Болзано нь Итали болон Тиролийн уламжлалыг хослуулсан хамгийн том, алдартай, эртний захуудын нэг юм. Харин нийслэл Ром дахь Навона талбай нь "Piazza Navona" зул сараар хөл хөдөлгөөн ихтэй баярын зах болон хувирдаг ба "Festa della Befana" эмгэн шулмын наадам (энэ тухай энд) зохиогддог. Бусад алдартай захыг Флоренс, Милан, Верона, Бергамо зэрэг хотуудад үзэх боломжтой ба тус бүр өөрийн гэсэн онцлог шинж чанараараа ялгардаг. 











Италийн зул сарын захыг сэтгэл татам болгодог зүйлс бол өвлийн гайхамшигт ертөнцийг бүрдүүлсэн эргэн тойрны гоёл чимэглэлүүд, сүрдэм том гацуурууд, цагийг зугаатай өнгөрүүлэхэд зориулсан төрөл бүрийн тоглоом наадгай. Тухайлбал эрхэмсэг дэгжин морин тойруулгаар бяцхан аялал хийх, алсыг харагч дээрээс зул сарын зах болон эргэн тойрны хотын өнгө үзэмжийг тольдох, мөсөн тэшүүрээр салхи татуулан гулгах боломжтой. Өвлийн бяцхан "Disney Land" л гэсэн үг. Зул сарын зах нь баярын уур амьсгалд бүрэн автуулах ба карол найрал дуучид, амьд тоглолт тоглогдож баярын дуу, хөгжим тасралтгүй эгшиглэж сонор, мэлмийг баясгана. Зул сар, шинэ жилийн баярын уур амьсгалыг улам бүр нэмэгдүүлж, сэтгэл догдлолыг дээд хэмжээд аваачдаг зул сарын захаар хэсэн тэнүүчлэх нь миний жил бүрийн хүсэн хүлээдэг уламжлал. 










Италид "Babbo Natale" буюу Санта Клаусыг мэддэг боловч зул сарын баярын гол дүр биш юм. Италид зул сарын үеэр бэлэг өгдөг уламжлалт, хайртай өөр дүрүүд байдаг. Гэсэн ч даяаршсан соёлын нөлөөгөөр Санта Клаус нь ялангуяа худалдааны орчинд илүү түгээмэл. Тухайлбал зул сарын зах, дэлгүүрүүдийн шилэн хорго, шоу тоглолт гэх мэт. Энэ жил манай гэр бүл Верона, Бергамо хотуудын зул сарын захаар зочилсон бөгөөд Бергамо хотын зул сарын захад Санта Клаусын байшинг олж харсан юм. Улаан хивсэнцэрээр урин залах модон байшинд Сантагийн ажлын ширээ, сандал гацуур мод, зуух, захидал хүлээн авах шуудангийн хайрцаг зэргийг байрлуулж сониучхан хүүхэд багачуудад үүдээ нээжээ. Уг байшинд орж Сантагийн сандал дээр тухлан дурсгалын зураг татуулаад үл барам Сантагийн үйл хэрэгт нэгдэн сайн үйлсийн аянд оролцох боломжийг санал болгож байлаа. 





Зул сар, шинэ жилийн баяр, арванхоёрдугаар сар бол ид шидэд итгэдэг "дотоод хүүхэд" -ийг минь сэрээн гэгээлэг, сониучхан байхыг уриалж адал явдалд дурлуулж инээд хөөр, баяр жаргалд умбуулдаг цаг үе билээ. Тийм ч учраас хүмүүс "жилийн хамгийн гоё" үе хэмээн тодорхойлдог болов уу. Энэхүү гайхамшигтай, ид шидийн гэмээр мөчид урилгын минь уриалагхан хүлээн авч зул сарын захаар хамт аялсанд баярлалаа. Хэрэв та зул сарын захаар хараахан биеэр зочилж үзээгүй бол ирэх жилийн арванхоёрдугаар сард үзэсгэлэнт Европын хаа нэгтээ зул сарын захаар аялах аз, хувь тохиох ч юм бил үү. Шинэ оны зорилго, мөрөөдлөө төлөвлөхдөө "Мөрөөдлийн самбар"-таа багтаагаарай. Бичсэн мөрөөдөл биелдэг гэдэг шүү дээ. Чин сэтгэлийн хүсэл тань биелэх болтугай "Bibbidi-Bobbidi-Boo"


Comments

Их үзэлттэй