Усан үзэм, дарсны баяр


Ciao bella.
Тэнгэр өөд сунаж ургасан мөчрүүд, боловсорч гүйцсэн жимсний үнэр тариалангийн талбайг амилуулж дарс үйлдвэрлэх үйлд урин дуудна. Наран ээж, хур усалсан байгалийн үр шимийг үнэт эрдэнийн чулуу шиг зэгсэн сагсанд өлгийдөн авч, шингэн урлаг болгон хувиргах цаг ирлээ. Энэхүү усан үзмийн ургац хураах хүсэн хүлээсэн мөч бол газар нутаг, ард түмэн, соёл уламжлал, дарсанд дурлагчдын баяр юм.

Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн том дарс үйлдвэрлэгч Итали орон даяар ургацын баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. 9, 10-р сар бол усан үзмийн ургац хураадаг сарууд. Цаг агаар, хур борооны хэмжээ, тариалангийн талбайн онцлог зэргээс шалтгаалан тодорхой өдрийг жил бүр тогтоодог. Италийн хойд зүгт 9 сарын сүүлээр ургацаа хурааж харин урд зүг илүү халуун уур амьсгалтай тул хожуу хураах нь бий. 


Итали орон муж бүрдээ дарс үйлдвэрлэлтэй бөгөөд бидний амьдардаг муж, бүс нутаг ч дэлхийд алдартай дарс үйлдвэрлэлтэй. Бид нутгийн дарсаа амтлан энэ жилийн усан үзмийн ургацыг шалгахаар Бардолино хотыг амралтын өдөр зорьсон юм. Бардолино бол Италийн хамгийн том нуур Гарда дагуу орших олон жижиг хотуудын нэг. Жил бүрийн 9-р сарын сүүлээс 10-р сарын эхний өдрүүдэд усан үзмийн ургац хураалт болон дарсны баярын арга хэмжээг Бардолинод зохион байгуулдаг. Уламжлалт Бардолино "Festa dell'Uva e del Vino" Усан үзэм, дарсны баяр нь эртний уламжлалтай бөгөөд намар ирснийг зарлаж, дарс сонирхогчдыг бүс нутгийн шилдэг дарснаас амтлахыг урин дууддаг. 



Цэнгэг Гарда нуурын эрэг дагуу зассан цагаан асруудад нутгийн дарс үйлдвэрлэгчид, шаргуу хөдөлмөрийн охь шимээ  амтлуулж байна. 92 дох удаагаа зохион байгуулагдаж буй фестиваль 5 өдрийн турш үргэлжилж, 100,000 гаруй дарс сонирхогчид нуурын эргээр зугаалан нутгийн шилдэг дарстай хослуулан загасны мах, өтгөн рисотто, паста, ил гал дээр шарсан мах зооглон амьд хөгжмийн тоглолт үзэж Бардолиногийн шөнийн тэнгэрт салют буудуулахыг харж өнгөрүүлдэг.





Энэхүү дарсны баяр нь Гарда нуурын бүс нутгийн хамгийн алдартай дарснуудын нэг болох Бардолино хотын нэрээр нэрлэсэн дарсанд зориулсан арга хэмжээ юм. Энэ үйл явдлын баатрууд бол бадмаараг улаан өнгөтэй, хуурай Бардолино Классико, цайвар ягаан өнгөтэй, жимсний амттай Бардолино Кьяретто дарснууд юм. Бардолино дарс бол дэлхий даяар алдартай дээд зэрэглэлийн дарснуудын нэг. Бардолино дарс нь дотоодын усан үзмийн сортоор үйлдвэрлэсэн дарс бөгөөд 70 орчим хувийг экспортолдог. Бардолино дарсыг ихэвчлэн Корвина Веронезе усан үзмийн сортоор үйлдвэрлэдэг. Анхилуун үнэр, хуурай, зөөлөн амттай тул уухад таатай олон төрлийн хоолтой төгс нийцдэгээрээ онцлог дарс.


Бардолино, Гарда, Лацисе болон ойр орчмын дарс үйлдвэрлэгчид дарсны баяр дээр зөвхөн хяналттай, гарал үүслийн тэмдэглэгээтэй, DOC чанарын баталгаатай дарсаараа зочдын хундагыг дүүргэдэг. DOC чанарын баталгааны шошго нь дарс үйлдвэрлэлийн гүн уламжлалыг төлөөлж сорт, боловсруулалт, насжилт, дээд зэргийн чанарын онцлог шинжтэй дарсанд олгогддог гэрчилгээ юм.
Балга бүрд Итали орны баялаг түүх, хүсэл тэмүүлэл шингэсэн хөдөлмөрийн үр шимийг хундага өргөн амталж, амралтын нэгэн өдрийг агуу соёл, уламжлалын нэг хэсэг болон өнгөрүүллээ. Ургац арвин байж уламжлал улам батжих болтугай. Cin Cin!







Comments

Их үзэлттэй