Хөөрхөн арал



Ciao bella
Саяхан "Instagram" хуудсандаа түр саатан байтал "Louis Vuitton" брэндийн загварын шоу болох гэж буй тухай олж мэдсэн юм. Шоу зохион байгуулагдах газрын ер бусын гоо үзэсгэлэн харааг минь булааж "Google Map"-аас хайж үзтэл манай гэрээс холгүй байх Хөөрхөн арал "Isola Bella" болохыг мэдээд амралтын өдрөөрөө зорьж очихоор шийдсэн юм. Ингээд бид машинаар 2 цаг орчим яваад Италийн хамгийн том нууруудын нэг "Lago Maggiore" эрэгт ирлээ. Машинаа нуурын эргийн зогсоолд орхиод цааш усан автобусаар 10 минут яваад "Isola Bella" аралд газардлаа. 
Хөөрхөн арал хэрхэн бий болсон түүхийг сөхвөл 1632 онд гүн Карло III, үзэсгэлэнт эхнэр ИзаБелладаа зориулан өөрийн эзэмшлийн Том нууран дах арлуудын нэгт ордон барьж эхэлжээ. Арал 1632 он хүртэл загас агнуурын тосгоны жижиг хадан арал байж. Арал дээр ордон болон цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг Карло гүн, Миланы аркетоктур Анжелло Кривеллид даатгасан ч харамсалтай нь тухайн үед дэгдсэн тахлаас үүдэн төсөл дуусаагүй байна. Хожим төслийг үе залгамжлагч хөвгүүд нь болох Гиберто III, Виталиано VI үргэлжлүүлэн гүйцэтгэж, ажлыг Миланы архитектор Карло Фонтанад даатгаж, арлын нэрийг ИзаБеллагийн нэрээр нэрлэжээ. Төслийн үр дүнд язгууртан ихэс дээдүүдэд зориулсан тансаг үдэшлэг, театрын арга хэмжээ зохион байгуулагддаг орд харш сүндэрлэж хамгийн хүндэт зочид буудалладаг болсон байна. Харин өнөөдөр Хөөрхөн арал жуулчдын их хөлийн газар болсон бөгөөд хөгжмийн наадам шоу, тоглолт зохион байгуулагддаг. 

Аралд биднийг 17 зууны сүр жавхлант Борромеогийн шилтгээн угтаж байсан. Шилтгээнд түүхэн 130 гаруй уран зургийн цуглуулга хадгалагдаж байдаг ба алтан төгөлдөр хууртай хөгжмийн өрөө, Хатны унтлагын өрөө, гучин мянган номтой, номын сангийнх нь жижиг хэсгээр зочилж, зоогийн өрөө болон үдэшлэг зохион байгуулагддаг бөмбөгөр хэлбэртэй бүжгийн танхимд саатан, хувийн жижиг музейг нь бид сонирхсон. Францын эзэн хаан 1797 онд эхнэр Жузеппина Бохарнаистай унтаж байсан Наполеоны өрөө бас бий.


Шилтгээн гоёмсог, тансаг байдлаар чимэглэгдсэн дотоод засалтай ба Неаполитан зураач Лука Жордано, Тосканы зураач Франческо Зуккарелли нарын тавилга, баримал, үнэ цэнэтэй зургууд бүхий дараалсан өрөөнүүдээс бүрддэг. Мөн тус ордонд саяхан сэргээн засварласан 1400-аад оны үеийн үнэлж баршгүй 7 фламандын хивсэн эдлэлийн үнэт цуглуулга байдаг. Фламандын хивсэнцэр нь дундад зууны сүүлч, сэргэн мандалтын үед одоогийн Бельгийн нутаг дэвсгэр болох Фландерст үүссэн нэхмэлийн урлагийн нэг төрөл юм. Эдгээр хивсэнцэр нь нарийн төвөгтэй хийцтэй, тод өнгө, өндөр чанартай гар урлалаараа алдартай. Тэдгээрийг ноос, торго, заримдаа алт, мөнгөн утас гэх мэт үнэт металл зэрэг янз бүрийн материалаар ур чадвартай гар урчууд нэхдэг. Фламандын хивсэн дээр ихэвчлэн түүхэн үйл явдлууд, домогт үзэгдлүүд, шашны түүхүүд, ландшафтуудыг дүрсэлсэн байдаг. Эдгээрийг ордон, шилтгээн, чинээлэг айл өрхүүдэд гоёл чимэглэлийн ханын өлгүүр болгон ашиглаж, эд баялаг, нэр хүнд, урлагийн нарийн төвөгтэй байдлыг бэлгэддэг байжээ. 15-16 зууны үед Европ даяар маш их эрэлт хэрэгцээтэй болж Фламандын хивсэнцрийг язгууртнууд захиалгаар хийлгэн гоёдог байсны нэгэн жишээ энэхүү шилтгээнд түүх болон үлджээ. Фламандын хивсэнцрийг үйлдвэрлэхэд олон нэхмэлчид том нэхмэлийн машинууд дээр хэдэн сар, бүр хэдэн жил ажиллаж, нэг ширхгийг гүйцээхийн тулд ихээхэн хөдөлмөр шаардсан үйл явцтай өрнөдөг. Загваруудыг нэр хүндтэй зураачид нарийн төлөвлөж, зурж, дараа нь чадварлаг нэхмэлчид нэхмэл хэлбэрээр бүтээдэг. Өнөөдөр Фламандын хивсэнцэр нь урлагийн үнэт бүтээл гэж тооцогддог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулагчид болон музейд эрэлт хэрэгцээтэй байдаг. 



Ногоон ургамаар хучигдсан нууцлаг шатаар шилтгээнээс цэцэрлэгт хүрээлэн рүү гарах ба арлын нэрийг төгс илэрхийлэм гоо үзэсгэлэнт хүрээлэнд Массимо театр сүндэрлэн байв. Массимо театр бол гадаа талбай дах онцгой гайхалтай бүтээн байгуулалт. Борромеогийн гэр бүлийн бэлгэдэл болсон ганц эвэртний хөшөө болон бусад хөшөө, баримал, усан оргилуур, олон төрлийн цэцэгс, ургамлууд нийлэн гоо үзэсгэлэн цогцлоожээ.



Борромео ордны зэргэлдээх цэцэрлэг нь 17-р зууны хоёрдугаар хагаст хамаарах олон тооны хөшөөнүүдээр чимэглэгдсэн бөгөөд Италийн хамгийн алдартай, сүр жавхлантай, хамгийн сайн хадгалагдсан цэцэрлэгүүдийн нэг. Италийн барокко цэцэрлэгийн хамгийн сайн жишээ Борромео цэцэрлэг нь цэцэгс, ховор сорьцын ургамлаар хүрээлэгдсэн дэнжээрээ алдартай. Итали хэлээр Барокко гэж нэрлэгддэг стиль нь 17-р зуунд Европт гарч ирсэн гоёмсог, гайхалтай уран сайхны хэв маяг байв. Энэ нь Италиас гаралтай бөгөөд Франц, Испани, Австри зэрэг Европын бусад хэсэгт тархсан. Барокко хэв маяг нь архитектур, уран зураг, уран баримал, хөгжим, уран зохиол зэрэг урлагийн янз бүрийн хэлбэрийг хамарсан.




Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан зэрлэг сарнай үнэрлэн зогстол урьд өмнө харж байгаагүй цагаан тогос харц булаалаа. Өнгөрсөн үеийн гоо үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгээс онцлох бас нэгэн чимэг яах аргагүй энэ цагаан тогос байв.



Ургамал судлаач Виталиано "1792-1874" цэцэрлэгт хүрээлэнд олон чамин зүйл, шинэ хүлэмж, ус шахах системийг нэвтрүүлсэн. Том нуурын онцгой зөөлөн уур амьсгал нь Газар дундын тэнгисийн сэтгэл татам байдлыг бий болгодог нимбэг, жүрж зэрэг үзэсгэлэнтэй цитрус мод, вистериа усан үзмийн мод, эрлийз цай, уулчин, бутлаг сарнай зэрэг олон төрлийн сарнай, том, анхилуун цэцэгтэй замбага мод, эрч хүчтэй "bougainvillea" ургамал, кипарис мод, 200 гаруй сорт байдаг "Camellia" зэрэг баялаг ургамлууд ургах боломжийг олгодог. Өвлийн улиралд чамин ургамлууд 14 зууны хүлэмжид хадгалагддаг.




Ордон, цэцэрлэгээр зугаалж дуусаад арлын ил худалдаа, захаар хэсэн нутгийн иргэдийн санал болгож буй гар урлал, хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, аяга шаазан, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнтэй танилсан. Миний хувьд өхөөрдөм жижиг цүнхний амин дэмийн хайрцаг болон дараагийн аялалдаа зориулж цагаан нарны малгай худалдан авч хөөрхөн арлын худалдааг бяцхан дэмжлээ.




Ингээд төгсгөлд нь бид арлын нэгэн зоогийн газарт тухлан "Том нуур"-ын загастай хослуулан хундага ягаан дарс шимэн аяллын ачааллаа тайллаа.


Хэзээ нэгэн цагт Хөөрхөн аралд ирж үзэхийг ерөөе. Хөөрхөн арлаас онцлох, танд таалагдсан зүйл юу байна? сэтгэгдлээ үлдээгээрэй. Дараагийн аяллаар уулзталаа түр баяртай.

Comments

Их үзэлттэй