Ирээдүйн хот Дубай



Ciao bella.
Энэ хавар олон хүмүүс удаан хугацааны хүлээснээсээ (ковидын хөл хорио) гарч хаа нэгтэйг зорьж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хоёр жил гаруйн хугацааны дараа дахин аялах гэж байгаадаа манай гэр бүл туйлын баяртай байна. Хаашаа явах тухай бид харин удаан бодсонгүй. Дөрвөн улиралтай улсад амьдардаг болоод ч тэр үү ихэвчлэн халуун орныг зорих сонирхолтой байдаг. Энэ удаа бид тансаг амьдралын хэв маягийг ёс заншилтайгаа хослуулсан АНЭУ-ын нийслэл Дубай хотыг дайлаар мордохоор шийдлээ. Аялахыг хүсдэг газруудын жагсаалтаас Дубай хот ялалт байгуулахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол Дэлхийн үзэсгэлэн яармаг "World expo". Таван жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн үзэсгэлэн яармаг энэ жил АНЭУ-ын Дубай хотод болж буй. Нэг сумаар хоёр туулай гэдэг дээ одоо л тийшээ явах үе! Тийм биш гэж үү? Элсэн манхан дундаас Дэлхийн хамгийн өндөр барилга сүндэрлэж, богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүрсэн Дубай хот бидний сонирхлыг эрхгүй татдаг байв. 18-р зуунд загас агнуурын жижиг тосгон хэлбэрээр байгуулагдсан тус хот 21-р зууны эхээр аялал жуулчлалд онцгой анхаарал хандуулснаар космополит, метрополис хот болон хувирчээ. Миний хувьд анхны харцаар дурлана гэдэг шиг Дубайд хөл тавьсан даруй л таалагдав. Дубайд амьдарч, аялж байсан танилуудаа сонсох нь ээ сэтгэл хөдөлгөм зүйл төдийлөн ярьдаггүй байсан юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг юутай үнэн бэ!



Аяллын эхний өдөр бид Дубайн худалдааны төвийг "Dubai mall" зорьсон юм. Dubai mall нь хотын төв хэсэгт алдартай усан оргилуур, Дэлхийн хамгийн өндөр барилгатай зэрэгцэн оршдог учир нэг дор бүгдийг үзэх сайхан боломж. "Dubai mall" нь 50 гаруй хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц нийт талбайн хэмжээгээрээ Дэлхийн хамгийн том худалдааны төвд тооцогддог. Бид "Dubai mall"-д ирээд нэг өдөр хангалтгүй болохыг мэдсэн юм. 1500 гаруй дэлгүүрүүд, олон үндэстний хоол, мөсөн гулгуурын талбай, кино театр, хүрхрээ, аквариум гээд худалдааны төвийг өөр түвшинд аваачсан олон сонирхолтой зүйлс дунд төөрч орхив. Ялангуяа гэр бүлээрээ аялж буй жуулчдыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүгдийг нэг дор шийджээ. Хүсвэл аварга загаснуудтай аквариумд шумбасан ч болно гээд боддоо!




Дэлгүүрээс гармагц Дэлхийн хамгийн өндөр барилга "Бурж Халифа" биднийг угтан авсан. 
829.8 метр өндөртэй энэ нүсэр байгууламж орон сууц, зочид буудал, ресторан, оффис, цэцэрлэгт хүрээлэнг хамардаг бөгөөд "Бурж Халифа" хиймэл нуур хүртэл багтдаг. Хиймэл нуурт байрлах усан оргилуур гэрэл, хөгжимтэй хослон бүжих нь үдшийн космополит хотыг сэтгэл татам болгож байв. Энэхүү усан оргилуур мөн л Дэлхийн хамгийн өндөрт тооцогддог. Тэд үнэхээр л хийвэл хийсэн шиг хийхийг хүссэн бололтой шүү. Бид мөн барилгын 148 давхарт гарч Дубай хотыг дээрээс нь тольдоод амжсан шүү.






Дараа өдөр нь бид элсэн цөлийн аялалд гарлаа. Зах хязгааргүй үргэлжлэх алтан шаргал элсэн манханд нар жаргах мөч өөр нэгэн гоо үзэсгэлэнг харуулав. Далайн эрэгт нар жаргах мөчийг л хамгийн үзэсгэлэнтэй хэмээн боддог байсан минь эндүүрэл байсан юм. Элсэн манхны оройгоор машинтай зугаалах, элсээр гулгах, хена будгаар зурах, галын шоу тоглолт, бүсэлхийн бүжиг зэргийг үзэнгээ ил гал дээр шарсан махтай оройн зоог зооглохыг элсэн цөлийн аялал санал болгосон. Тэр ч бүү хэл цөлд хоног төөрүүлэн, элсний ширхгээр хачирлан өглөөний цай уухыг хүсвэл араб хэв загварын майхан үүдээ нээх болно. Догь байгаа биз?

Шинэ зүйл туршиж сэтгэл хангалуун нэгэн үдшийг үдсэний маргааш бид далайн эргийн наран шарлагын газарт амрахаар боллоо. Дубайн бас нэгэн гайхамшиг болох "The Palm Jumeirah" хэмээх далд модон хэлбэр бүхий хиймэл арлуудыг зорьсон юм. Арлуудад дээд зэрэглэлийн хувийн сууцуудаас эхлээд тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрууд үйл ажиллагаагаа явуулдаг. Аяллын алжаалаа тайлан бүхэл өдрийг наран шарлагын газарт өнгөрүүлсний дараа юу хийж болох вэ? 



It's party time! Нөхөр бид хоёр үдшийг хоёулхнаа өнгөрүүлэхийг хүссэн тул тэнгэр баганадсан барилгуудын нэгт дээврийн лаунжид тухлан коктейль уухаар гарлаа.
Сонирхуулахад 21 наснаас доош насны хүнийг согтууруулах ундаа борлуулдаг үйлчилгээний газруудад нэвтрүүлдэггүй. Ялангуяа шөнийн цэнгээний газрууд! Дубайгаас онцлох бас нэг зүйл хууль дүрэм чанга, гэмт хэргийн гаралтаар Дэлхийн хамгийн аюулгүй хотод эрэмбэлэгддэг. Аюулгүй байдал хамгийн чухал шүү дээ. Тэр тусмаа гэрээсээ хол танихгүй газар. 




Дараагийн өдрүүдэд нь Дубайд ирэх болсон бас нэгэн шалтгаан Дэлхийн үзэсгэлэн яармаг "World expo"-г бид үзэж сонирхсон юм. "World Expo" нь тухайн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг Дэлхийн хэмжээний цугларалт. Анхны Дэлхийн яармаг үзэсгэлэн нь 1851 онд Лондонд болж байжээ.1928 оноос Дэлхийн яармагийг хүн төрөлхтний мэдлэгийг дээшлүүлэх, хүн төрөлхтний болон нийгмийн хүсэл эрмэлзлийг харгалзан үзэх, шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, нийгмийн дэвшлийг онцлон харуулах сэдвийн хүрээнд 5 жил тутамд зохион байгуулагдах болсон. Орчин үед Дэлхийн үзэсгэлэн яармаг нь хэмжээ, цар хүрээ, үргэлжлэх хугацаа, зочдын тоогоор олон улсын арга хэмжээнүүдийн дунд өрсөлдөгчгүй болтлоо өргөжжээ. Яармагийг үзэж сонирхохоор ирсэн жуулчдад хожим дурсгал болох "паспорт" худалдаанд байсан нь үнэхээр сайхан санаа байлаа. Павильоноор нь зочилсныг гэрчлэх улс орнуудын тамга уг санааг утга төгөлдөр болгож байв.


Энэ жилийн "World expo" яармагийн гол сэдэв нь "Оюун ухааныг холбож ирээдүйг бүтээе". Мөн "Боломж, хөдөлгөөнт байдал болон тогтвортой байдал" гэсэн дэд сэдвийн дор улс орнууд өөрсдийн түүх, соёл, онцлог, хөгжлийг харуулсан павильоноо тохижуулсан байв.
Энэ жилийн яармагт Дэлхийн 192 улс оролцон 6 сарын хугацаанд 24 сая зочдыг хүлээн авсан байна. Дубай хотыг яагаад ирээдүйн хот гэх болсон шалтгааныг АНЭУ-ын павильонуудаар зочлох явцдаа ойлгосон юм. Тэд 2050 хүртэлх Дубай хотын төлөвлөгөөг гарган олон нийтэд дэлгэн үзүүлж, байгалид ээлтэй олон шийдлүүдийг танилцуулж байв.





Үзэсгэлэнгээс онцлох бас нэг зүйл архитекторын өвөрмөц шийдэл бүхий барилга, байгууламжууд байлаа. Сониуч зандаа хөтлөгдөн зохион байгуулагчдаас үзэсгэлэн дуусаад эдгээр гоёмсог барилгуудыг юунд ашиглах талаар асуутал ОУ-ын консулын төв болно гэсэн юм.



Аяллаа араб бүсгүйчүүдийн дүрд хувирч үзэлгүйгээр дуусгана гэж бодоогүй биз дээ?
Одоогоос 10-аад жилийн өмнөх "Sex and the city" цуврал дээр гол дүрийн 4 бүсгүй Дубайруу аяладаг шүү дээ. Яг л тэр үеэс араб бүсгүйчүүдийн хувцас өмсгөлийг өмсөж, зүүж үзэх юмсан гэсэн сониучхан хүсэл тээх болсон юм. Хаанаас ч олоод өмсөж болох ч аливаа зүйлийг утга учиртай байлгах дуртай миний хувьд эх оронд нь ирэх энэ мөчийг хүлээсэн хэрэг.


Араб бүсгүйн дүрд хувирсан reel үзэх линк

Исламын шашинтай улс орнуудад жуулчид хүртэл биеэ далдалж, нүүрээ халхлан явах ёстой байх гэсэн ойлголт байдаг. Харин Дубайд тийм биш байлаа. Шашин мөргөлөөс бусад газруудад эмэгтэй жуулчид хүссэн хувцсаа өмсөж, Дэлхийн бусад хотуудын адил эрх чөлөөтэй явж байсныг дурдах байна. Дэлхийн хаана ч очсон сонин содон зүйлс гайхшируулж байдгийн адил Дубайд ч санал болгох зүйл тоо томшгүй их. Аливаа улсыг цөөн хоногт бүрэн үзэх боломжгүй ч ахуй амьдралаас нь амтлах боломж олдсонд талархаж байна. Аялал жуулчлал дээд зэрэгт хөгжсөн газрыг нэрлээч гэвэл Дубайг би маргаангүй нэрлэнэ. Аргагүй л Дэлхийн "Хамгийн, хамгийн" эзэд байна билээ. Шукран Дубай!

Comments

Их үзэлттэй