Эцэг, эхийн хөнөөлт авир




"Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй" гэх үгтэй би огт санал нийлдэггүй. Хүүхэд эцэг, эхийнхээ эд эсээс бүрдэж тэдний бүтээсэн орчинд өсдөг. Ирээдүйд хэн болох нь тэр орчноос эцэг, эхээс шууд хамаарна гэж би хувьдаа итгэдэг. Зохиолч, сэлгэл зүйч Сюзан Форвард,  хүмүүсийн амьдрал, харилцаа, ажил, сэтгэл зүйд хөнөөл учруулж буй хор, тэдний өссөн орчноос хамаарч буйг олон жилийн ажлын туршлагаараа олж аван "Эцэг эхийн хөнөөлт авир" хэмээх шилдэг борлуулалттай номыг хэвлэн гаргажээ.
Таны өнөөдрийн аливаад хандах хандлага, сэтгэл хөдлөл, айдас, дарамт, стресс бухимдал, бүтэлгүйтэл, өөртөө итгэлгүй байдал зэрэг чухам яагаад, юунаас, хэзээ бий болсныг таньж мэдэхэд "Эцэг эхийн хөнөөлт авир" ном туслах болно. Номын өмнөх үгэнд дурдсанчлан ялгаатай хоёр нийгэмд (АНУ, Монгол) эцэг, эх болсон хандлагыг ижил түвшинд шүүх нь шударга бус. Номыг эцэг, эхээ буруутгаж, шүүхээ урьтал болголгүй хүмүүжил гэх цогц асуудлыг тэс өөр өнцгөөс харах шинэ үүд хаалга болгон ашиглавал зохистой. Буцааж өгөөгүй зүйл цааш дамжигддаг. Нэг үгээр хэрвээ эцэг, эхийнхээ хөнөөлт авирыг таньж мэдэн уламжлагдан ирсэн гинжин холбоог тастаж үл чадвал, цааш дамжигдан явах болно. Тиймээс бусдын гаргасан алдааг давтахгүй байхыг анхааруулсан уг номыг эцэг эх болсон, болох гэж буй, болох хүн бүр уншихыг зөвлөж байна. Эцэг, эх болох амархан ч эцэг, эх БАЙХ энэ хорвоогийн хамгийн хэцүү ажил. Эцэг, эх болохоос өмнө өөрийнхөө сэтгэл зүйн "учрыг" олох нь үр хүүхдэдээ, нийгэмдээ хийж буй чухал үйл үүрэг, хариуцлага. Номд сэтгэл зүйч Сюзанаас сэтгэл зүйн зөвлөгөө авч эмчлүүлж байсан бодит хүмүүсийн олон жишээ, өөрийн нөхцөл байдлаа дүгнэх асуулга, даалгаврууд багтсан. Манайд харьцангуй шинэ салбар болох сэтгэл зүйн шинжлэх ухааны ойлголтыг "Эцэг эхийн хөнөөлт авир" номоос авч, хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлж байдгийг ойлгож, сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэндтэй эн тэнцүү чухал болохыг ойлгох болно.

Comments

Их үзэлттэй