Сонгодог урлагийн тансаг үдэш


                                              Ciao bella.
Зуны улирал ихэнх хүмүүсийн хувьд амралт, зугаалгын үе байдаг бол манай гэр бүлийн хувьд амсхийх завгүй ажилладаг үе. Учир нь бидний амьдардаг нуурыг эрэг дагуух хотууд дотоод, гадаадын жуулчдын хөл хөдөлгөөнд дарагддаг бөгөөд түүнийг дагаад бүх төрлийн бизнесийн ачаалал эрс нэмэгддэг юм. Бид энэхүү жилийн хамгийн завгүй улирлыг амжилттай давснаа тэмдэглэн Ромео, Жульеттагийн хайрын түүх өрнөдөг гэдгээрээ алдаршсан Верона хотод зохион байгуулагдаж буй дуурийн наадмыг үзэхээр тасалбар худалдан авсан юм. Ингээд бид намрын тэргүүн сарын намуухан нэгэн үдэш, догдлол тээн Верона хотыг зорилоо.


Верона хотын тухай бичсэн блог "Италийн аялал" төрөлд байгаа тул энэ удаа хотыг бус тэнд зохион байгуулагддаг дуурийн наадмыг онцлох болно. Веронагийн дуурийн наадам бол Италийн хамгийн алдартай урлагийн арга хэмжээнүүдийн нэг. Энэ бол жил бүр болдог дуурь, хөгжим, урлагийн баяр наадам. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжим сонирхогчдыг татдаг бөгөөд нэрт уран бүтээлчдийн сонгодог бүтээлийг үзэж, урлагт ховсдуулан нэгэн үдшийг ер бусаар өнгөрүүлэх боломж олгодгоороо онцлог. 



Наадмыг онцгой болгодог зүйл бол яах аргагүй театр. Ромын Колизейгоос ч эртний Веронагийн Арена театр МЭ 30 онд баригдсан. Ромд Колизейг барихаар дадлага болгон Верона хотод анхны хувилбарыг барьсан бөгөөд анхны тэр л байдлаараа хадгалагдан үлдэж өдгөө шоу, тоглолт зохион байгуулагдсан хэвээр байна. Эртний Ромын энэ задгай амфитеатр нь 30,000 үзэгч хүлээн авах хүчин чадалтайгаар баригдсан. Талбайн тайз нь 140 метр өргөн, 90 метр гүнтэй дэлхийн хамгийн том дуурийн театр юм. Талбайн акустик маш сайн тул хамгийн зөөлөн нотуудыг ч тод сонсох боломжтой. 



Энэхүү хамгийн том задгай театрт 1913 онд Жузеппе Вердигийн (Италийн алдартай хөгжмийн зохиолч) мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан тенор Жованни Зенателло, театрын импресарио Оттоне Ровато нар “Аида” дуурийг анх тавьсан нь 100 дах жилдээ үргэлжилж буй уламжлалыг эхлүүлж өдгөө Италийн хамгийн чухал соёлын арга хэмжээний нэг болон нэр хүнд нь өссөөр байна. Энэ наадамд түүхэнд тод мөрөө үлдээсэн Мария Каллас, Лучано Паваротти, Пласидо Доминго, Хосе Каррерас зэрэг олон алдартай уран бүтээлчид оролцон тоглож байжээ. 

Дуурийн урлаг нь эд баялаг, байр суурийг илэрхийлдэг хувцас загварын баялаг түүхтэй. 19-р зуунд эрчүүд дуурь үзэхээр ирэхдээ хувцасны өрөөнд хадгалахад хялбар, эвхэгддэг хар малгайтайгаа хослуулсан хар урт нөмрөг, смокинг өмсдөг байсан бол эмэгтэйчүүд газар шүргэсэн урт гоёлын даашинз, тансаг гоёл чимэглэл, тохой давсан урт бээлий өмсдөг байжээ. Дуурийн жүжигт зориулсан хувцаслалт нь тухайн үеийн загварын чиг хандлагыг илтгэдэг байсан юм. Харин орчин үед хувцаслалтын албан ёсны түвшин суудлаас хамаарах ч хамгийн даруу суудал сонгосон ч театрыг болон бусад үзэгчдийн хүндэтгэн театрын орчинд тохируулан хувцаслах нь театрын соёлд тооцогддог. Арена, театрын үзвэрт тавигдах хамгийн бага шаардлага болох далайн эргийн шорт, углааш, спорт хувцас өмсөж ирэхгүй байхыг тасалбартаа сануулж эрчүүдийг өмд, поло цамц өмсөхийг зөвлөсөн байв. Хэдийгээр 21-р зууны театрын хувцаслалт өмнөх зуунуудтай дүйцэхүйц дэгжин, сүржин байхаа больсон ч миний бие театрын урлагийг хүндэтгэн хичээн хувцаслалаа. 




Үзэгчдийг хоёр цагийн өмнөөс театр руу нэвтрүүлж бид тоглолт эхлэхээс өмнө Ромын үеийн задгай театрын эртний хийц, чулуун сандал, бүдэг ассан дэнлүү чийдэнг сонжин, 30.000 үзэгчдийн өмнө үхэн үхтлээ тулалддаг байсан гладиаторуудын үеийг төсөөлөн суулаа. Ийнхүү Верона хотын тэнгэрт саран авхай заларч нэг, нэгээр тодрон гялалзах оддын дор сонгодог урлагийн тансагхан үдэш эхэлсэн юм. Бид наадамд толилуулж буй сонгодогуудаас 'Кармен" дуурийг үзэхээр сонгосон юм. "Кармен" нь Францын хөгжмийн зохиолч Жорж Бизегийн дөрвөн бүлэгт дуурь бөгөөд Проспер Меримегийн ижил нэртэй роман дээр үндэслэн "либретто" текстийг Анри Мейлхак, Людовик Халеви нар бичжээ. Уг дуурийг 1875 оны 3-р сарын 3-нд Парисын Опера-Комикийн театрт анх тоглосон бөгөөд Бизе 33 дахь тоглолтынхоо дараа цаг бусаар 36 насандаа нас барч дараагийн арван жилүүдэд нь бүтээлээ алдаршихыг мэдээгүй билээ. Тэр цагаас хойш "Кармен" дэлхийн хамгийн алдартай, хамгийн их тоглогддог дуурийн нэг болсон бөгөөд 1-р үзэгдлийн "Хабанера" болон 2-р үзэгдэл "Тореадорын дуу" нь бүх дуурийн аринуудаас хамгийн ихээр алдаршин, дуурийн урлаг сонирхдоггүй нэгэн ч тансаг, уянгалаг хөгжмийг нь таних хэмжээнд тархсан билээ. Романы зохиогч 1845 онд Испанид аялж байхдаа цуглуулсан бодит, дуулиан шуугиантай домгоос сэдэвлэн хайр, атаа жөтөө, эмгэнэлт явдлын тухай бичсэн зохиол юм. Хулгайн наймаанд дуртай галт цыган эмэгтэй Карменд уруу татагдаж буй гэнэн цэрэг Дон Хосегийг хэрхэн сүйрч буй тухай зохиолд өгүүлдэг.



Зохион байгуулалтын тухайд гомдоллох зүйл нэгээхэн ч байсангүй. Тоглолтын дундуур хааяа нэг хоолойгоо "засах" хүмүүсийн чимээнээс өөр анхаарал сарниулах зүйлгүй, урт хугацааны тоглолтыг тухлан, таалан үзэх боломжыг бүрдүүлсэн байв. Тухайлбал тоглолт эхэлсэн үед хоцорсон үзэгчдийг нэвтрүүлэлгүй, үзэгдэл хоорондын завсарлагаа хүртэл хүлээлгэх дүрэм баримталж байв. Тоглолт дундуур оруулсан тохиолдолд худалдан авсан суудалд нь бус хаалгатай хамгийн ойр, сул суудал байвал суулгахаар зохион байгуулж, бусад үзэгчдийн тав тухыг хангаж байсан юм. Үзэгдэл хоорондын 20 минутын завсарлагаагаар үзэгчид хундага дарс шимэн, дуурийн тансаг үдшийг амтлах боломж байсан бөгөөд харин ямар нэгэн идэх зүйл худалдан борлуулаагүй. Тоглолт франц хэл дээр явагдсан бөгөөд тайзны хоёр талын дэлгэцээр итали, англи хэлээр хадмал орчуулга урсаж, олон улсын үзэгчдийг тоглолтод бүрэн автуулахад анхаарсан зэрэг 100 жилийн туршлагатай наадам болохоо өндөр зохион байгуулалтаараа баталж байв. Хүлэг морьд, сүйх тэрэг, илжиг, бүх насны жүжигчид, амьд оркестрын хөгжимчид гээд 200 гаруй хүний нүсэр бүрэлдэхүүн тайзнаа тоглосон бол мөн тооны хүмүүс арын албанд ажиллаж дэлхийн жишигт нийцсэн тоглолтыг өргөн барилаа.





Тоглолт зарласан 20:45 цагтаа эхэлж шөнийн 01:20 цагт үзэгчид суудлаасаа босон хүндэтгэн үзүүлж, сэтгэл хангалуун алга ташилт бэлэглэснээр өндөрлөсөн юм. Веронагийн дуурийн наадам бол хөгжим, урлаг тэр дундаа дуурийн урлагт дуртай хүн бүрийн заавал үзэх хэрэгтэй арга хэмжээ болохыг өөрийн биеэр гэрчлэв. Тэртээ 19-р зууны шилдэг бүтээлийн амьд тоглолтыг дуурийн урлагийн өлгий нутагт, эртний Ромын задгай театрт үзсэн минь онцгой нэгэн дурсамж болон сэтгэл зүрхийг минь хөглөн үлдлээ. 
Grazie mille Verona!


Comments

Их үзэлттэй