Армани ертөнцөөр


Ciao bella.
Хувцас загварт шунан дурладаггүй эмэгтэй хүн ховор. Би багадаа загвар зохион зурж, хуурцаг тоглуулагчаа чангаар орилуулан дэлгэдэг толиныхоо өмнө өдөржин алхдаг хүүхэд байлаа. Үүнийг аав минь анзаарч Азийн Топ модель Д.Болормаа багшийн "Монгол модель" агентлагт өсвөр насанд минь хөтлөн оруулсан юм. Цагаан, нарийн, гөлгөр загварын тайзнаа өсгийт дээр торолгүй явж сурсан. Харамсалтай нь тухайн үеийн загвар өмсөгчдөд тавигддаг 174 дээш өндөртэй байх ёстой гэсэн шалгуурт тэнцээгүй тул мөрөөдлөө орхисон юм. Гэсэн хэдий ч хувцас загварт дуртай миний хүсэл сонирхол унтраагүй бөгөөд одоо ч энэ салбарыг сонирхон дурладаг хэвээр. Миланы загварын долоо хоногийг тохиолдуулан бүтээлч, загварлаг олны тоосонд даруулан хийморио сэргээхийн ялдамд шинэ мэдлэг олж авахаар Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Арманигийн ертөнцөөр аялахаар шийдсэн юм.


Жоржио Армани 1934 оны 7-сарын 11-нд Италийн хойд хэсэгт орших Пиаченца хотод мэндэлжээ. Загвар зохион бүтээгч болох нь түүний төсөөлж ч байгаагүй карьер. Эмч болох хүсэлтэй байсан тэрээр гурван жилийн дараа анагаахын сургуулиа орхиж, цэрэгт элссэн ч эцэст нь мөн л орхисон байна. Цэргээс халагдсаныхаа дараа Армани 1957 онд Миланы "La Rinascente" их дэлгүүрт цонхны манекен хувцаслагчаар ажиллаж эхэлсэн нь түүнийг хувцас загварт дурлуулжээ. 1960-аад оны сүүлээр Армани архитектурын зураач Сержио Галеоттитэй танилцсан нь олон жилийн турш үргэлжилсэн хувийн болон мэргэжлийн харилцааны эхлэлийг тавьсан юм. 1973 онд Галеотти түүнийг Миланд дизайны оффис нээхийг ятгаснаар Аллегри, Багутта, Хилтон, Сиконс, Гибо, Монтедоро, Тендресс зэрэг хэд, хэдэн загварын ордонд Армани бие даасан дизайнераар ажиллах болжээ. Энэхүү туршлага нь Арманид өөрийн хэв маягийг шинэ арга замаар хөгжүүлэх боломжийг олгосон байна. Эцэст нь тэрээр загваруудаа өөрийн нэрээр овоглоход бэлэн болж 1975 оны 7-р сарын 24-нд найз Галеоттигийн хамт Миланд "Giorgio Armani" компаниа үүсгэн байгуулан мөн оны аравдугаар сард 1976 оны хавар, зуны эрэгтэй хувцасны анхны коллекцоо өөрийн нэрээр гаргасан юм. Түүний загварууд нь бусад уран бүтээлчдээс онцгойрч, өнгөний нарийн сонголт, дээд зэрэглэлийн Итали даавуугаар хийгдэж үйлчлүүлэгчдэд тансаг мэдрэмж төрүүлж чаджээ.  
Эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулагдсан "Armani Prive" хувцасны цуглуулгаасаа гадна "Emporio Armani" хэмээх илүү хямд загварыг ч гаргасан. Армани онцгой болон нийтлэг хүмүүсийг нэгэн зэрэг хувцаслахыг хүссэн хэрэг. Арманигийн тансаг ертөнц зөвхөн хувцас загвараар хязгаарлагдахгүй. Архитектурын бүтээлүүд нь Абу Даби, Милан, Майами зэрэг олон тооны космополит хотод эрхэмсэг оршин байдаг бол "Armani Dolci" хэмээх тансаг амттаны бизнес, "Armani Fiori" хэмээх цэцэг, ургамлын бизнес, "Armani casa " гэр ахуйн хэрэглэлийн бизнест ч хөл тавьсан юм. Армани төгс төгөлдөр байдал, нарийн ширийн зүйлийг анхаарч үздэг, анхаарал төвлөрүүлэх чадвараараа алдартай. Түүний бүтээлч, алдаа дутагдлыг үл тэвчдэг, няцаашгүй урлагийн бүтээл туурвихыг хүсдэг зан чанар нь дэлхийд данстай загвар зохион бүтээгч болоход нь нөлөөлжээ. 



Миланы бүтээлч Тортона дүүрэгт Италийн алдарт загвар зохион бүтээгч орчин үеийн үзэсгэлэнгийн талбайг 2015 онд нээжээ. 1950 онд баригдсан "Nestlé"-ийн төв оффис байсан үзэсгэлэнгийн барилгыг Армани "Silos" буюу хадгалах сав гэж нэрлэсэн. Учир нь анх энд үр тариа хадгалагддаг байсан юм. Барилга нь 4500 хавтгай дөрвөлжин талбай бүхий 4 давхар, анхны хэлбэрийг хадгалсан минимал, элегант дотоод засал чимэглэлтэй. Энэхүү үзэсгэлэнд Армани ертөнцтэй холбоотой бүхий л зүйлийг багтаан загвар, урлагт дуртай олон нийтэд дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нэг давхарт Жоржио Армани болон загварын гэрэл зурагчин Гай Бурдин нарын хамтарсан бүтээлүүдээс 100 гэрэл зургийг сонгон дэлгэжээ. Гай Бурдин нь Франц зураач, загварын гэрэл зурагчин бөгөөд маш загварлаг, бүтээлч, өдөөн хатгасан зургуудаараа алдартай. 1955 оноос хойш Бурдин голдуу Vogue сэтгүүлтэй хамтран ажилласан бөгөөд энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн ихэнх зургууд Францын vogue сэтгүүл дээр хэвлэгдсэн 1965 оноос эхлэлтэй зургууд байсан юм. Киноны үзэгдлийг санагдуулам Бурдины бүтээлүүдээс кино урлагт дуртай байсныг нь бэлхнээ харж болно.














Барилгийн хоёрдох давхарт Арманигийн 1980-2000 оны эхэн үе хүртлэх цуглуулгаас 600 хувцас, 200 гоёл чимэглэл зэрэг дизайнерын 40 жилийн карьерыг тоймлон харуулсан байв. Үзэсгэлэнд сонгогдсон бүтээлүүдийг дизайнерын бүтээлч байдалд нөлөөлсөн хэд, хэдэн сэдэвт ангилжээ. Эхний сэдэвт "Андроген" загварын бүтээлүүдийг дэлгэсэн байсан юм. Андроген загвар гэдэг нь хүйсийн ялгаагүй байдал буюу эрэгтэй, эмэгтэй аль нь ч өмсөж болох хувцасыг хэлдэг. Тухайлбал хүзүүтэй цамц, хантааз, карго өмд, хослол гэх мэт. Армани андрегон хэв маягийг нууцлаг, сэтгэл татам зүйлсээр дүүрэн гэж үздэг. Төвийг сахисан өнгө, уламжлалт эрэгтэй даавууг өөрчлөснөөрөө алдартай Армани эрэгтэй нарийн оёдол, зөөлөн эмэгтэй хувцасны элементүүдийг өөрийн бүтээлдээ хослуулах дуртай. Арманигийн хослолууд энгийн хэрнээ дэгжин, элегант анхны загвараа одоо ч хадгалсан хэвээр.





Дараагийн сэдвээс "Одод" цуглуулгын бүтээлүүдийг харж болно. Жоржио Армани холливудын оддын улаан хивсний ёслолын хувцас загвар дээр ажилласан анхдагч загвар зохион бүтээгч гэдгээрээ алдартай. Тэр ч утгаараа Армани болон кино урлагийн хооронд хүчтэй холбоо бий. Европт алдаршсаныхаа дараагаар Америкийн Gigolo, The Untouchables, Miami Vice киноны жүжигчдэд зориулсан хувцас зохион бүтээж, Ричард Гир зэрэг жүжигчид кинон дээр түүний хувцсыг өмссөнөөр Арманигийн нэр хүнд олон улсад өсөж, загварууд нь сенсааци болон тархсан гэдэг. Жүжигчид өөрсдийг нь тэс өөр нэгэн болгон хувиргахгүйгээр дотоод мөн чанарыг нь тодруулж, гэрэлтүүлэх хувцас эрэлхийлж байсан нь Арманигийн загвартаа баримталдаг гол зарчимтай огтлолцож амжилттай ажиллахад нөлөөлжээ.







Барууны бус соёлын хүчтэй нөлөөг харуулсан 1990 оны хавар зуны цуглуулгыг дараагийн сэдвээс харж болно. Тэрээр алс холын Хятад, Япон, Африк, Араб, Перс үндэсний элементүүдийг ашиглан өөрийн хэв маягаар бүтээсэн бүтээлүүдээ дэлгэсэн байв. Янз бүрийн улс үндэстний хувцас загварын өвөрмөц чимэглэл, шугам, өнгөний баялаг зэрэг нь уран төсөөллөөр аялагч загвар зохион бүтээгчид урам зориг өгчээ. Тэрээр уламжлалт хэлбэр, хэв маяг, чимэглэлийг хуулбарлахын оронд шийдэмгий бөгөөд өвөрмөц хийцийг загвартаа тусгахыг илүүд үзсэн байна.







Дижитал архив төслийн тусламжтайгаар Жоржио Армани хувийн архиваа олон нийтэд дэлгэн дараагийн танхимд байршуулсан байв. Архив нь улирал, цуглуулгаар ангилсан 1000 орчим хувцас, 2000 дагалдах хэрэгслийн зураг, олон тооны загварын шоу, тайзны арын бичлэг, тойм зураг, алдартай сурталчилгааны зургуудыг агуулжээ.





Үзэсгэлэнгийн төгсгөлд загварын суут ухаантны ертөнцөөр аялсан онцгой өдрөө дурсах зүйлийг бэлэг дурсгалын хэсгээс худалдан авснаар аяллаа өндөрлөсөн юм. Түүний ертөнцөөр аялах явцдаа: 
1. Нэгэн хэвийн гэсэн шүүмжлэлд өртөж байсан ч Армани өөрийн философи, үзэл баримтлалдаа үнэнч байж өөрийнхөөрөө урласаар ирсэн. Эндээс үргэлж "өөрөөрөө байх" хэрэгтэйг 
2. Армани өөрийн брэндээ хожуу буюу 41 насандаа үүсгэсэн. Эндээс эхлэхэд хэзээ ч оройтдоггүйг
3. Армани брэнд "Less is more" буюу максимализмаас минимализмыг илүүд үздэг. Эндээс тоо биш чанарыг эрхэмлэх хэрэгтэй гэсэн гурван зүйлийг сургамж болгон авлаа. Загварын ертөнцийн нэгэн суут эрхмийн ертөнцөөр хамт аялсанд баярлалаа. 



Comments

Их үзэлттэй