Хөг аялгуу





Хүүхэд насандаа "Spice girls" хамтлагийг шүтэн биширч, гишүүдийн дүрүүдийг 2 дүү, 2 үеэлдээ оноож өгөөд өөрөө Викториа нь болчихоод л дуунуудыг нь даган дуулж, бүжиглэдэг байж билээ. Надтай нэгэн адил хүн бүрд дуу хөгжимтэй холбоотой дурсамж, хүүхэд насны шүтээн байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Миний хувьд дуу хөгжим зөвхөн хүүхэд насны дурсамж байгаад зогсохгүй одоо ч амьдралын минь нэгэн хэсэг хэвээр. 2010 оноос хойш цуглуулсан дуртай дууны жагсаалтуудаа сэдэв бүрд ангилж тухайн орчин нөхцөлд нь тохируулан сонсох нь миний бас нэгэн хобби. Ингээд миний амьдралд хөг аялгуу нэмдэг дуртай дуу, хөгжмөө блог уншигчидтайгаа хуваалцаж байна.

Гэр бүл, найз нөхөдөөрөө хооллохдоо тансаг ресторанд байгаа мэт тухтай, тайван, чамин уур амьсгал бүрдүүлэн намуухан хөгжмөөр хачирлахыг хүссэн үедээ энэхүү Playlist-ээ тоглуулдаг юм. Манай гэр бүлийн оройн хоолонд үе,үе эгшиглэдэг "Fine dining" playlist-ийг гэрлэлтийнхээ ойн баярын оройн хоолонд сонгосон анчоус загасан стейкийн зургийн хамт хуваалцаж байна. Buon appetito!

 "Fine dining" playlist link


Манай гэр бүл амралтын өдрөөр ойролцоох хот, тосгоноор аялах дуртай. Ингэхдээ машинаар нэг талдаа л 2-3 цаг явах нь хэвийн үзэгдэл. Аяллын хугацаанд ФМ, Радиогоос илүү өөрсдийн сонсох дуртай хөгжмөө бид илүүд үздэг. Нөхөр бид хоёр олон зүйл дээр ижил сонголттой байдгийг нэг нь дуу, хөгжим. Ингээд өөрсдийн аян замд сонсох дуртай дуунуудаараа хийсэн "Road trip" playlist-ыг хуваалцаж байна. 



Гоо үзэсгэлэнг гүн нууцтай агуулах далай эхийг ширтэн суух ховорхон мөчийг дуу, хөгжимтэй хослуулан эдлэх дуртай. Энэтхэгийн далайд наран жаргаж буй үзэсгэлэнт мөчөөр дамжуулан "On the beach" playlist-ээ хуваалцъя.

 "On the beach" playlist link


Тухтай орчинд дуртай хөгжмөө сонсон дотнын найзуудтайгаа цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх нь бүтэн сарын эрч хүчийг өгдөг шидтэй. Ингээд баасан гаригт тусгайлан зориулсан эрч хүчийг өдөөж, эрхгүй бүжиглэмээр болгодог "Tequilla calling" playlist-ыг хуваалцаж байна.

 "Tequilla calling" playlist link




Классик, сонгодог юм бүхэнд би дуртай. Тэр ч утгаараа алтан үеийн дуу хөгжмийг шимтэн сонсдог. Хуучны дуунуудыг сонсмоор санагдах үедээ "Vintage vibes" playlist-ээ тоглуулдаг юм. Ингээд тэр бүр телевиз, радиогоор эгшиглэхээ больсон хуучны дуунуудыг сонсохыг урьж байна.



Жилийн хамгийн сэтгэл догдлуулсан зул сар, шинэ жилийн үеийг дуу хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гацуур модоо засах догдлол дүүрэн мөчид зул сар, шинэ жилийн дуунуудыг сонсдог уламжлалтай. Ингээд Италийн альпийн нуруудын мөнх наст гацуур модод цасаар хучигдсан үлгэрийн гэмээр үзэсгэлэнт өдрийн зургийг "Cheers theme" playlist-ын хамт өргөн барьж байна.




Хааяа нэг хөнгөн гунигт автаж "эморох" үе хүн бүрд байдаг шүү дээ. Ямар нэгэн зүйлд гуних нь амьдралын нэг хэсэг, хэвийн л зүйл. Энэ мэдрэмжээс зугтахын оронд тухайн мөчдөө амьдрах боломж олгоорой. Миний хувьд тэр үеийг мөн л  "Эмо" playlist -тэйгээ өнгөрүүлдэг. Харин сэтгэлзүйдээ гуних, эморох боломж олгосны дараа амьдралын баяр баясгаландаа эргэн заавал ирээрэй. Амьдралд саараас сайхан нь олон гэдгийг бүү мартаарай.





Зүүд нойроо хөгжмөөр урин дуудаж яагаад болохгүй гэж? Нойр хулжсан үед би шууд л хөгжмөө асааж орхидог. Хөгжмийн эмчилгээ удалгүй үр дүнгээ өгч нэг л мэдэхэд би гүн нойронд автчихсан байдаг. Энэ playlist-ээ би "Лааны гэрэлт" концерт үзээд гэртээ ирмэгцээ бэлтгэсэн юм. Концертыг үзэн суухад ор байсан сан бол шууд нь унтаж орхимоор тийм сайхан тайвшралыг мэдэрсэн. Концертод тоглогдсон хөгжмүүдийг би энэ Playlist-тээ цуглуулсан юм. Танд ч бас тав тух, тайтгарлыг мэдрүүлэх болтугай.

 Bedtime story playlist



Блогийнхоо нэрээр нэрлэсэн Италийн хуучны дуунуудын "La dolce vita" playlist блогийн нүүр хуудаст тавигдсан байгаа. Мөн бусад playlist-ууд зарим блог дотор хавсаргасан байгаа юм шүү. Хөгжим сонсох нь сэтгэлийн түгшүүр, цусны даралт, өвдөлтийг бууруулж нойрны чанар, сэтгэлзүйн байдал, ой санамжийг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс дуу хөгжимтэй ойр байгаарай гэж та нартаа зөвлөе. CIAO BELLA.

Comments

Их үзэлттэй