Сэтгэл хөдлөлийн чадамж


20-р зуунд амжилтад хүрч, амьдралаа асуудалгүй авч явах стандарт IQ ид хүчээ авч байсан бол 21 зуунд IQ дангаар амжилтад хүргэхгүй бөгөөд түүнээс ч илүү чухал үзэл баримтлал дэлхий даяар түгээд байна. Энэ бол сэтгэл хөдлөлийн чадамж EQ юм. Сурлагаараа толгой цохидог байсан хүүхэд амьдрал дээр гараад төдийлөн амжилттай явахгүй байх тохиолдлыг та мэдэх байх. Учир нь оюуны чадамж дутуугаас бус сэтгэл хөдлөлөө удирдах, харилцааны чадвар доголдсоноос болдог байна. Дан ганц оюуны чадвар амьдралын янз бүрийн саад, бэрхшээлийг даван туулахад хангалтгүй бөгөөд IQ өндөр байх нь амжилт аз, жаргалын баталгаа биш ажээ. Үүгээрээ зохиолч оюуны чадварыг үгүйсгэх гэсэнгүй. Харин сэтгэл хөдлөлийн чадамж илүү чухал болохыг ойлгуулахыг зорьжээ. Насанд хүрсэн хэдий ч өөрийн сэтгэл хөдлөлөө хэрхэн жолоодох чадвар, боловсрол эзэмшээгүй бол ямар аюул, эрсдэл дагуулахыг "Сэтгэл хөдлөлийн чадамж: EQ яагаад IQ ээс чухал вэ?" номд авч үзжээ. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сул байх нь сэтгэл гутралаас эхлээд хүчирхийлэл, хоол, ундны зохисгүй хэрэглээ, хар тамхи, архинд донтох зэргээр эрсдэлийн хүрээг тэлдэг байна. Сэтгэл хөдлөлөө удирдах чадамжгүй бол оюун ухаан өөрийн гайхамшгийг үзүүлж чадахгүй болохыг номын зохиолч, сэтгэл судлаач Даниел Големан шинжлэх ухаан дээр суурилсан, олон төрлийн дэлхийн хэмжээний судалгаагаар баталсан байнаБидэнд хоёр төрлийн ухаан байдаг ба нэг нь бодож (рационал ухаан) нөгөө нь мэдэрч (сэтгэл хөдлөлийн ухаан) байдаг. Сэтгэл хөдлөл хэчнээн эрчимжих тусам сэтгэл хөдлөлийн ухаан төдий чинээ дарангуйлж харин рационал ухаан үр нөлөөгөө алддаг байна. Учир нь сэтгэл хөдлөлийн тархи рационал тархиас олон мянган жилийн өмнөөс оршиж иржээ. Балар эртний үед уурыг, уураар дарах нь амьд үлдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байсан. Харин өнөөгийн нийгэмд сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэх нь хүчирхийлэл, гэмт хэрэг, сүйрлийг дагуулж буй. Өнөөдөр бидэнд биеэ барих чадвар болон өрөвч сэтгэл зайлшгүй байх ёстой ёс суртахуун. 
Сайн мэдээ гэвэл сэтгэл хөдлөлийн чадамжийн сул талаа ухаарч ойлгоод үг яриа, биеийн хэл, хариу үйлдлийн дадал, зуршлыг зөв болгох талаар тууштай хүчин чармайлт гаргавал засаж сайжруулж, эзэмших боломжтой. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурлагийн дүнд анхаардаг шигээ сэтгэл хөдлөлийн чадамжид нь ач холбогдол өгвөл хүүхдээ амжилттай нэгэн болоход туслах боломжтой. Сэтгэл хөдлөлийн чадамжийг аль болох эрт эзэмшүүлбэл насан туршийн дагалдах чанарыг бий болгоно. Сэтгэл хөдлөлийг удирдах чадвараа хөгжүүлсэн хүмүүс утга учиртай, үр бүтээлтэй, амжилттай, аз жаргалтай, тэсвэр тэвчээртэй, итгэл найдвараа алдахгүй амьдрах боломж бүрддэг байна. Сэтгэл хөдлөлийн чадамж нь оюуны чадамж шиг өргөн тархаж хүний онцлогийн чухал хэмжүүр болж чадвал бидний гэр бүл, сургууль, ажлын газар, нийгэм бүхэлдээ хүнлэг, сайхныг ургуулан хөгжүүлэгч шимт хөрс болох ажээ.

Comments

Их үзэлттэй