Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ





Араас тань хөл алдан гүйж байсан залуу гэнэт л завгүй гэх болсон уу? Сураг чимээгүй байснаа шөнө орой залгаж дууддаг уу? Бүх зүйлээ зориулах тусам халамж хайр нь алсран одоод байна уу? Нэг л мэдэхэд ойлгомжгүй, ирээдүйгүй, эрүүл бус харилцаанд гацчихсан уу? Тийм бол та хэтэрхий "сайн" эмэгтэй байх. 
Зохиолч Шерри Арговын "Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ" номд "муу эмэгтэй" гэсэн нэр томьёог өдөөн хатгасан, ёгт хэлбэрээр ашиглажээ. Номд гарч буй муу эмэгтэй бол хорон муу санаатай нэгэн биш бөгөөд тэр хэнээс ч хараат бус ямар ч үед өөрөөрөө байж чаддаг хүчирхэг эмэгтэй юм. Түүний өөрийн үнэ цэнээ мэддэг байдалд эрчүүдэд татагдан дурладаг. Уг номд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны динамикийн тухай өгүүлдэг бөгөөд эсрэг хүйстнээ болон тэдний мөн чанарыг ойлгоход туслах болно.
Муу эмэгтэй бие даасан байдлаа хадгалж, эрүүл хил хязгаарыг тогтоож, өөрийн хэрэгцээг эрхэмлэн, өөрийгөө үнэлж, өөртөө итгэж, харилцааныхаа төлөө өөрийн аз жаргалаа золиослодоггүй. Харин сайн эмэгтэй эр хүний хүссэн бүхнийг өгч, бүхнээ зориулж, зорилго сонирхлоо гээж, эр хүнээс өөр үнэт зүйлгүй болж орхидог байна. Эрчүүд тийм л яахаас ч буцахгүй болсон "сайн" эмэгтэйчүүдээс дөлдөг ажээ.
Харилцааны динамик нь нарийн төвөгтэй бөгөөд олон хүчин зүйлсээс шалтгаалж байдаг. Тиймээс номын зөвлөгөөнүүд бүх хүнд яг ижил таарч тохирохгүй ч байж магад. Гэсэн ч эрүүл, үнэ цэнтэй, урт хугацааны харилцаа үүсгэхийн тулд анхаарах хэрэгтэй, мэдвэл зохих үнэ цэнтэй сургамж, зөвлөгөөнүүдийг "Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ" ном санал болгох болно. Ном бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд нэгэнт оройтсон гэж бодолгүй уншаад үзээрэй. Гэрлэсэн эмэгтэйчүүдэд ч хэрэгтэй зөвлөгөө, сургамж байна билээ. Хэрвээ монгол орчуулга нь олдохгүй бол "Why men love bitches" англи хэл дээрх эх хувилбарыг нь хайж үзээрэй.

Comments

Их үзэлттэй