Лааны гэрэлт концерт

 


Ciao bella.

Шаржигнан унах навчис сэрүүн салхины симфонид хөг нэмэхүйд, өдөр богиносон бүрэнхий нөмөрч, эргэн тойрны гэрлэн гялбаанд харц тэнүүчлэн илбийн шидэд автдаг арваннэгдүгээр сар. Зул сар, шинэ жилийн баяр хаяанд ирснийг сануулж, зүрх сэтгэлийг өдөөн байх энэ л үед ямар нэгэн онцгой, сэтгэл догдлуулсан зүйл хайж байснаа би олсон юм. Манай гэр бүлийн хувьд сар бүр ямар нэгэн урлагийн арга хэмжээ үзэхийг хичээдэг. Миний бие энэхүү үүргийг хариуцан тухайн сарын сонголтыг хийдэг. Тухайлбал бид 8-р сард "Дуурийн наадам", 9-р сард "Загварын музей", 10-р сард "Ирээдүй" үзэсгэлэн үзсэн билээ. Уншиж амжаагүй бол "Урлаг" төрлөөр зочлоорой. Харин энэ сард зохион байгуулагдаж буй урлагийн арга хэмжээнүүдээс миний сэтгэлийг нэгэн концертын зар хамгийн ихээр татсан юм. Энэ бол хүүхэд насандаа үг бүрийг нь даган дуулж, өөрийгөө өндөр цайзад амьдран суудаг үзэсгэлэнт гүнж хэмээн төсөөлөн үзэж өссөн Диснейн сонгодог бүтээлүүдийн хөгжмийг, олон арван лааны гэрэл дор эгшиглүүлэх тухай зар байв. Ингээд би гэр бүлээ илбэдэн үлгэрийн ертөнцөд аваачихаар Милан хотыг зорилоо.



Дэлхийн энтертайнмент платформ болох "Fever" дэлхийн өнцөг булан бүрд сонгодог, поп, рок хүртэл төрөл бүрийн хөгжмийн урсгалыг багтаасан лааны гэрэлт концертуудыг зохион байгуулдаг. Тэд дэлхий даяар 60 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд 60 гаруй оронд уг концертыг зохион байгуулдаг. Лааны гэрэлт концертын түүхийг 2010-аад оны эхэн үед "Fever Events" хэмээх компани Европт зохион байгуулснаар эхлүүлсэн. Анхны "Candlelight Concert" 2013 онд Испанийн Барселона хотод тоглогджээ. Концертууд нь үзэгчдийн дунд маш хурдан алдаршиж, "Fever Events" Европын бусад хотуудад хүрээгээ тэлж эхэлсэн байна. 2017 онд "Candlelight Concerts" АНУ-д хийсэн анхны тоглолтоо Нью-Йорк хотод тавьжээ. Тэр цагаас хойш лааны гэрэлт концертыг АНУ-ын бүх хотуудад зохион байгуулж байна. Тэд сонгодог хөгжмийг өвөрмөц, романтик орчинд түгээн алдаршсан юм. Лааны гэрэлт концерт гэдэг ойлголт нь цоо шинэ зүйл биш ажээ. Олон зууны турш тог, цахилгаан үгүй үед лааны гэрэлт концертууд зохион байгуулагддаг байсан байна. Энэхүү уламжлалыг "Fever" үргэлжлүүлэн лааны гэрэлт концертыг сүм хийд, түүхэн барилга гэх мэт ер бусын газруудад зохион байгуулдагаараа онцгойрон алдаршсан юм.


Бидний сонгосон концерт Милан хотын төв хэсэгт байрлах "San Fedele" сүмийн "Audiotorium" танхим зохион байгуулагдсан. Хотын төвд Гэгээн Феделе талбайд, Палаццо Марино, Театро Алла Скала, Галлериа Витторио Эмануэле II-ийн ойролцоо байрладаг тус сүмийг Пеллегрино Тибалдигийн Чарльз Борромео 1559 онд захиалжээ. Дотор тал нь нэг голтой, боржин чулуугаар хийсэн өндөр баганатай бөгөөд дотор нь Симоне Петерзаногийн "Пиета", Жованни Баттиста Креспигийн "Гэгээн Игнатиус", Бернардино Кампигийн "Хувирал", Лусио Фонтанагийн "Ариун зүрх" зэрэг урлагийн бүтээлүүдээр чимэглэгдсэн. Сүмийн гадна талд Сан Феделегийн талбайн ойролцоо амьдарч байсан зохиолч Алессандро Манзонигийн дурсгалд зориулан 1883 онд бүтээсэн хүрэл хөшөө байдаг. 



Сан-Феделегийн Аудиториум нь 450 хүний ​​суудалтай Сан-Феделегийн иезуитуудын сурталчилсан соёлын үйл ажиллагаа, кино клуб, бага хурал зэргийг зохион байгуулдаг. Аудиториум нь сүүлийн үеийн технологи, "амьд электроник"-ийг ашигласан электрон хөгжим, концертыг түгээх зориулалттай. Инженер Алвисе Видолины төслийн дагуу Италид маш ховор тохиолддог орон зайн аудио системийг "Acusmonium" хэд, хэдэн чанга яригч, Nexo сабвуфер, Yamaha дижитал холигчоор суурилуулж, удирдлагын өрөө, тайзыг холбосон суваг нь аудио болон дохионы холболтыг хөнгөвчилжээ. Танхимын тайзны голд Griffa & Figli компанийн Steinway D274 төгөлдөр хуур эрхэмсэг гэгч нь оршин байдаг.


Лааны гэрэлт концертын хувцаслалтын код нь ухаалаг, энгийн. Энэ нь өдөр тутмын жийнс, подволк өмсөхөөс зайлсхийж сонгодог концерт гэдэг утгаараа өдөр тутмын хувцаслалтыг бодвол арай дэгжин өмд, цамц, даашинз, банзал өмсөх хэрэгтэй гэсэн үг юм. Гэхдээ хэтрүүлэх шаардлагагүй биедээ эвтэйхэн хэр нь энгийн, дэгжин байхад л хангалттай. Миний хувьд саарал өнгийн ноолууран цамц, ноосон өмдний хослолыг сонгож хар, нарийн арьсан бүсийг биеийн галбираа тотгон бүсэлж концертод зориулан хувцасласан.



Концерт 19:30 цагт эхлэхээр зарлагдсан байсан бөгөөд үзэгчдийг 30 минутын өмнөөс танхимд нэвтрүүлж эхэлсэн. Танхимын үүдээр ормогц олон тооны лааны гэрлээр хүрээлүүлсэн төгөлдөр хуур, нар жаргах мөчид усан дээр хөвөн яваа хар хун мэт ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байв.
Милан хотын нутаг дэвсгэрт өдөрт олон сая хүн холхидог бөгөөд замын хөдөлгөөн нь тун чиг завгүй, түгжрэл ихтэй машины зогсоол олоход тун бэрх. Гэсэн ч үзэгчид энэ бүгдийг тооцоолон цагтаа цуглан өөрийгөө, бусдыг, урлагийг хүндлэн хоцорсон үзэгч байсангүй. 


Ийнхүү үлгэр амилах цагаар төгөлдөр хуурчийн хуруунууд зааны ясан товчлуур дээр бүжиж "Нойрсож буй гүнж"-ийг сэрээн, "Араатны хаан арслан"-гийн бахархал "Үнсгэлжин"-ийн нигүүлсэнгүй сэтгэлээр солигдож, "Аладдины адал явдал"-аар үргэлжлэн "Бяцхан лусын дагина"- ын дуудлагаар "Мулан" -ны эр зоригийг авчирсан юм. Хэзээ ч хуучирдаггүй түүхүүдийг хөгжмийн шившлэгээр дахин амилуулсан үлгэрийн нэгэн үдэш байлаа. 
Төгөлдөр хуурын гоцлолыг 95 минутын турш сонссоны дараа амар амгалан, тайвшрал энэ биенд минь ноёрхсон байв. Яг л бясалгал хийсэн мэт. Концертод 80-аад онд төрсөн хүн бүрийн мэдэх Үнсгэлжин, Араатны хаан арслан, Гоо үзэсгэлэн ба араатан, Нойрсож буй гүнж, Лусын дагина, Харри поттер, Мулан, Анастасия, Цасан гуа ба долоон одой, 101 гөлөг, Аладдин зэрэг Диснейн сонгодог 17 үлгэрийн хөгжим тоглогдсон. Үзэгчдийн 80 хувь дээрх онуудад төрсөн хүмүүс байсан бөгөөд ая бүрийг даган нэгэн зэрэг дуулцгааж байхыг бодвол тэдний сэтгэл ч мөн ихээхэн хөдөлсөн бололтой. Концертын төгсгөлд үзэгчид төгөлдөр хуурчид зориулан хүндэтгэлийн алга ташилтыг бэлэглээд, цагийн зүү 00:00 цагийг заахаас урьтан гэр, гэрийн зүг яарцгаалаа.


Хэрвээ та миний нэгэн адил сонгодог урлагийг шүтэн биширдэг бол өөрийн амьдардаг хотдоо зохион байгуулагдаж буй олон төрлийн сэдэвт энэхүү лааны гэрэлт концертыг үзээрэй гэж зөвлөмөөр байна. Ер бусын романтик болзоо, мартагдашгүй үдэш, тансаг тайтгарлыг хүртэх болно. 
Эртээ урьдын цагаар хамт аялсан хайрт хань, хүүдээ болон бусад 450 үзэгчид, лааны гэрэлт концертын хамт олонд гүнээ талархаж байна. Төгөлдөр хуурч Giuseppe Califano-ын авьяас билгийг биширмүү. Bravoooo!

Концертоос хийсэн Reel үзэх бол энд
Концерт үзэх боломжгүй уншигчиддаа зориулаад концертод тоглогдсон бүтээлүүдийг нэгтгэн "Bedtime story" playlist үүсгэлээ. Диснейн сонгодог бүтээлүүдийн төгөлдөр хуурын гоцлолыг сонсохыг хүсвэл энд  Сонсож байхдаа мянган, мянган лааны гэрэл дунд эгшиглэж буй төгөлдөр хуурыг төсөөлөөрэй. Төсөөлөлд нь нэмэр болох зургийг ч бас хавсаргалаа.




Comments

Их үзэлттэй