Венецийн багт наадам


Ciao bella.
Адриатын тэнгисийн уснаас урган гарч ирсэн нарийхан сувгууд, нуман гүүрнүүд, саран завуудаараа сэтгэл татдаг гайхамшигт Венец хотод зохион байгуулагддаг багт наадмыг үзэх сэн гэсэн хүсэл тээгээд удаж буй. 2014 оны өвөл Венец хотоор аялж явахад гудамжны лангуунаас өлгөсөн дэгжин маскууд харц булаасан юм. Учрыг тодруулснаар Венецийн багт наадам "Carnevale di Venezia" тухай анх удаа сонсож билээ. Хэдийгээр 2019 оноос Венецээс холгүй орших хотод амьдарч байгаа ч багт наадмыг зорьж үзэх цагийн тохироо төдийлөн бүрдэж өгөхгүй байв. Харин 2023 оны 2-р сард ээж, аав хоёр Италид ирэх болж, тэдний аяллын төлөвлөгөөг боловсруулан суухдаа, багт наадмын үе таарч байгааг олзуурхан шүүрэн авлаа. Аливаа зүйл болох цагтаа, тэр тусмаа "зөв цагт" л болдог гэдэгт итгэдэг, итгэл үнэмшлийг минь батлах шиг цагийн тохироо цаанаасаа бүрдэх нь тэр. Удалгүй ээж, аав хоёр ирж цагийн зөрүүг нь гартал хэд хоног амраасны дараа багт наадмыг үзэхээр бид Венец хотыг зорилоо.




Италийн багт наадам "Carnevale" гарал үүсэл нь эртний Ромын Санчир гаригийг хүндэтгэсэн "Сатурналиа" гэж нэрлэдэг баяртай түүхэн холбоотой. Ромчууд тариалангийн талбайн бурхад газраас гарч ирнэ гэж итгэдэг байсан ба тэднийг баярлуулж, уур хилэнг нь дарж, зуны ургацыг дэмжихийн тулд газрын бурхдыг хүндэтгэн тахил өргөж, найр наадам зэргийг зохион байгуулан хавар ирж буйг тэмдэглэж иржээ. Мөн түүхээс харахад багт наадам нь Христийн шашны хуанли дахь мацаг барьж, наманчлалын үе болох Лент эхлэхээс өмнө баяр наадам хийж ханатлаа зугаацаж, цадталаа иддэг цаг үе байсан аж. Итали хэлний "Carnevale" нь махаа хасах гэсэн утгатай Латин хэлний 'Carnem levare" үгнээс гаралтай. Энэхүү багт наадам нь нийгмийн дэг журам, дүрмийг зөрчих боломжийг олгодгоороо онцлог байсан бөгөөд тухайлбал энэ үеэр боолууд түр зуур эрх чөлөөтэй болдог байжээ. Италийн багт наадам нь олон зууны туршид хөгжиж дайн, хориг хязгаарлалтыг даван туулсаар өнөө цагтай золгож үндэсний албан ёсны баяр наадам болтлоо өргөжөөд буй. 


Багт наадам улс даяар жил бүрийн хоёрдугаар сард ихэвчлэн болдог ч тогтсон өдөр байдаггүй, улаан өндөгний баярын хуанлийг харгалзан тухайн жилийн өдрөө тогтоодог. Учир нь эрт үеэс улаан өндөгний баяраас 40 хоногийн өмнө мацаг барих Лент эхэлдэг байсантай холбоотой. Багт наадамд 2-3 долоо хоног үргэлжилдэг бөгөөд 1-р сарын сүүл, 2-р сарын эхээр худалдааны төвүүд багт наадмын хувцас хэрэглэл борлуулж эхэлдэг. Италийн хамгийн алдартай багт наадмууд Венец, Виарэжио, Ивреа, Ченто, Пулия, Ациреале зэрэг хотуудад зохион байгуулагддаг. Италийн багт наадам нь хуанли дагуу өдрөө товлодгоороо болон хаврыг угтаж буйгаараа Монголын цагаан сарын баяртай ижил төстэй санагддаг юм.


Италийн багт наадмуудаас дэлхийд хамгийн ихээр алдаршсан нь Венецийн багт наадам юм. Наадмын гарал үүсэл 1162 онд Венецийн бүгд найрамдах улс дайсаа даран ялалт байгуулсныг тэмдэглэн хүмүүс Гэгээн Маркийн талбайд цугларч дуулж, бүжиглэж эхэлснээс эхлэлтэй. Тэр цагаас хойш ялалтын баярыг Венецийн гудамжинд уламжлал болгон тэмдэглэх болжээ. Хэдэн зууны турш үргэлжилсэн багт наадам 1797 онд Наполеон "Кампо Формиог"ийн гэрээнд гарын үсэг зурсны дараа, Венец нь Австрийн эзэмшилд байсан Ломбарди-Венециа вант улсын нэг хэсэг болж, улмаар хот бүхэлдээ Австричуудын хяналтад орсноор багт наадам устжээ. Харин 1979 онд Италийн засгийн газар Венецийн түүх, соёлыг эргүүлэн авчирч жуулчдыг татахаар шийдсэнээр багт наадам иргэн ирсэн түүхтэй. Ийнхүү өдгөө Венецийн багт наадам өнгөрсөн үеийнхээ түүхийг сэргээн, орчин үеийн нөлөөг шингээснээр жил бүр 3 сая жуулчдын зорин очих шалтгаан болдог. Газар нутгийн хувьд Улаанбаатараас үл ялиг жижиг Венец хотод 3 сая Монголчууд цугларахтай л адил.




Баг зүүхийн тухайд, тухайн үеийн Венецийн нийгмийн давхаргын хатуу тогтолцооноос үүдэн язгууртнууд гадуур анзаарагдахгүй явах боломжгүй байсны сацуу, сувгийн дагуух алтадмал орднуудын аль нэгд доод давхаргынхныг хүлээн зөвшөөрөх нь мөн л санаанд багтамгүй зүйл байсан. Харин багт наадмын үеэр эрх чөлөөний салхи хотыг бүрхэж  маскны тусламжтайгаар хүмүүс хүссэн дүрдээ хувирч хэзээ ч мөрөөдөж ч байгаагүй тойрог дотор орж, нийгмийн гарал үүсэл аливаа ялгааг арилган нэр, нүүрээ нуун эрх тэгш болох боломж олддог байжээ. Орчин үед багт наадмын үеэр Венецийн лабиринт гудамж, үзэсгэлэнт сувгууд өнгөрсөн зууны уур амьсгалаар амилж Commedia dell'Art-аас "16 зуунаас цэцэглэн хөгжсөн Италийн театрын хэлбэр" эхлээд 18-р зууны Венец, Касановагийн үе "Венецийн зохиолч, адал явдалд дурлагч", язгууртан эмэгтэйн дүрд хувирсан хүмүүс наадмыг зорин ирэгсдийг тансаг дэгжин эрин үе рүү аваачдаг. Гудамжинд төрөл бүрийн үзүүлбэр жүжигчилсэн тоглолт, амьд хөгжим, инээдмийн жүжиг зэргийг үнэ төлбөргүй санал болгодог бол гол тайзыг наадамд зориулан хувцасласан олноос "La maschera piu bella" буюу "Хамгийн гоё баг" шалгаруулах арга хэмжээ эзэлдэг. 




Багт наадамд зөвхөн үзэгчийн хувиар бус илүү идэвхтэй оролцохыг хүсвэл удам дамжсан урлаачид гар хийцийн түүхэн хувцас, маскийг 150-1000 еврогоор түрээсэлдэг. Дүрд хувиран оролцох бол нууцлаг баг, хувцаснаас гадна тэвчээр, эелдэг байдал, цаг зав хэрэгтэй гэдгийг санаарай. Учир нь гэрэл зурагчид, жуулчид алхам тутамд зураг авхуулах хүсэлтээр дарах болно. Мөн зөрөн өнгөрч буй масктай хүнтэй мэндлэхдээ “Buongiorno signora/signore Maschera!” Өдрийн мэнд хатагтай/ноён Маск! хэмээн мэндлээрэй. Венецийн багт наадмыг үзэхээр төлөвлөж байгаа бол хэдийгээр хөл хөдөлгөөн асар их ч нээлт, хаалтын өдрийг сонгохыг зөвлөж байна. Ялангуяа нээлтийн үйл ажиллагаанд гранд сувгийн дагуу ганган гондола завь хөлөглөсөн багтай уран бүтээлчид өтгөн манан дундаас зүүд зэрэглээ мэт хөвөн гарч ирдэг. Жүжигчид, акробатчид ур чадвараа гайхуулж, жилийн хүндэт зочин Сан Маркогийн хонхны цамхгаас сахиусан тэнгэрийн нислэг үйлдэж, үдшийн бүрэнхийд ус, гэрлийн хосолсон шоу үзүүлбэр үзүүлдгээрээ алдартай. 






Багт наадмын үеэр болдог бас нэгэн нэр хүндтэй арга хэмжээ бол "Grand ball" юм. Энэхүү арга хэмжээ нь Венецийн баян тансаг, дэгжин байдлын бэлэг тэмдэг бөгөөд Венецийн түүхэн орднуудын нэгд зохион байгуулагддаг тусгай арга хэмжээ, тансаг үдэшлэг. Өнгөрсөн үеийн Венецийн язгууртнуудын тансаг үдэшлэгийг санагдуулам уур амьсгалыг бүрдүүлэн уламжлалын сүр жавхланг улам тодотгож өгдгөөрөө онцлог. Үдэшлэгт нэвтрэх тасалбар 200-1000 евро төлбөртэй байдаг. Үнэд зэрэглэлээс хамааран төрөл бүрийн үзүүлбэрүүд, лааны гэрэлд амьд хөгжмийн сонгодог аялгуунд үдшийн зоог барих, "After party" зэрэг багтдаг ба өнгөрсөн үеийн баян тансаг, нууцлаг ертөнцөд нэвтрэхийг санал болгодог. Тусгай "Ball" үдэшлэгүүдэд хувцаслалтын кодыг зайлшгүй дагах хэрэгтэй бөгөөд оролцогчдын тоо хязгаартай байдаг тул тасалбараа эртхэн захиалах нь дээр шүү.





Энэхүү багт наадам нь зүгээр л нэг үйл явдал биш. Венецийн түүхийн үнэт өв, соёлын баяр наадам юм. Бид ийнхүү нэг өдрийг зуун дамжин уламжилж ирсэн түүх соёлоор аялж, гэр бүлээрээ сайхан дурсамж бүтээн өнгөрүүллээ. Венец хотын гудамжны худалдааг сонирхон явахад надад бяцхан аз тохиосон нь өдөр тутамдаа хэрэглэдэг цүнхний өлгүүр багт наадмын бэлэг тэмдэгтэйгээр худалдаанд байсан явдал. Миний хувьд сугалаанд хожихтой л адил зүйл. Учир нь аяллаар явах бүрдээ тухайн улс орны бэлэг тэмдэгтэй цүнхний өлгүүр хайдаг ч төдийлөн олдоод байдаггүй. Энэ удаагийн аялал бүхий л утгаараа бүрэн дүүрэн байлаа. 




Венец хотод хараахан хөл тавьж амжаагүй бол багт наадмын үеийг тааруулан аяллын төлөвлөгөөгөө гаргаж яагаад болохгүй гэж. Нэг сумаар хоёр туулай гэдэг дээ. Венецээр аялах хүсэл нь хараахан биеллээ олоогүй бол сэтгэлээр бүү унаарай. Нэг л өдөр "зөв цаг" хаалгыг тань тогшин хүлээлтийг үнэ цэнэ, утга учиртай болгох гайхалтай аялалд урина гэж найдаж байна. A presto signora/signore Maschera! Удахгүй уулзъя хатагтай/ ноён Маск! 
Багт наадмын reel үзэх бол энд












Comments

Их үзэлттэй