Кафе Педроки ба Валентин



                                                Ciao bella.
Дүрэлзсэн галын улаан өнгө, таашаалт амт шоколадаар бэлгэддэг 2-р сарын 14-ны өдөр. Дурлалт хосуудын хайр сэтгэлийг амь насаа үл хайхран гэрчилж байсан ламтан Валентины дурсгалыг хүндэтгэж, үйл хэргийг нь тунхагладаг энэхүү өдрийг түүхэн, романтик газарт тэмдэглэх аз бидэнд тохиосон юм. Аз хэмээхийн учир даваа гарагт бид Венето мужид орших Падуа хот руу хувийн ажлаар зорихоор болж, боломжийг ашиглан баярын өдрийг тэмдэглэх онцгой газрын эрэлд гарлаа. Италийн ихэнх үйлчилгээний газрууд, ялангуяа түүхэн байгууллагууд даваа гарагт амардаг тул хоосон хаалга мөргөх нь олонтоо. Харин энэ удаа бидэнд аз таарч өдөр бүр нээлттэй байдаг онцгой нэгэн газрыг олов. Энэ бол Падуа хотын зүрхэнд орших кафе Педроки. 1831 онд өргөн үүдээ нээсэн кафе Педроки нь Европын тэргүүлэх түүхэн кафенуудын нэг. Өдөр бүр ажилладаг цагийн хуваарь нь ч түүхэн ач холбогдол, уламжлалаас үүдэлтэй. Нээгдсэн цагаас эхлэн 1961 он хүртэл өдөр, шөнийг үл харгалзан 24 цаг ажилладаг байсан тул "Хаалгагүй кафе" хэмээн алдаршжээ.




Кофе шарагч Франческо Педроки 1772 онд Италийн хамгийн анхны кофе шопуудын нэгийг Падуа хотын стратегийн чухал цэгт нээж, түүний хүү Антонио Педроки 1800 онд ааваасаа цэцэглэн хөгжиж буй бизнесийг өвлөн авсан даруйдаа олсон орлогоо зэргэлдээх байрыг худалдан авахад хөрөнгө оруулахаар шийдэж, 20 жилийн дотор барилгыг бүхлээр нь эзэмших болжээ. Тэрээр дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй кафе барих хүсэл тээн төслийг Венецийн архитектор Жузеппе Жаппеллид даалгажээ. Удалгүй 19-р зууны хамгийн алдартай, магадгүй хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн том кафе болох Падуа хотыг бэлгэдсэн түүхэн барилга байгууламжийн нэгийг тэд бүтээж чадсан байна. Падуагийн ард түмэн төдийгүй улс орны өнцөг булан бүрээс ирсэн аялагчид, бизнес эрхлэгчид, сэхээтнүүд энэхүү гайхамшигтай неоклассик "18-р зууны сүүлчээр үрэлгэн рококо хэв маягийн эсрэг бий болсон уран сайхны болон архитектурын хэв маяг" барилгад цуглах болсон байна. Кафе Педроки олон алдартай эрдэмтэн, зохиолч, уран бүтээлчдэд үйлчилж байсан бөгөөд тэдний нэг Итали орныг шүтэн бишрэгч Францын зохиолч Стендалийн хайртай газар байсан ба "Пармагийн дүрмийн байшин" романдаа тэрээр "Италийн хамгийн сайн ресторан" хэмээн тодорхойлон бичжээ.





Кафе Педроки гурван давхраас бүрдэх агаад өнөөдрийг хүртэл өнгөрсөн үеийн хэв маяг, гоо үзэсгэлэнгээ хадгалсан хэвээр. Нэгдүгээр давхарт байрлах өрөө танхимууд нь Венето мужийг Италийн вант улсад нэгдгэснийг хүндэтгэн "Улаан, цагаан, ногоон" төрийн далбааны өнгөөр тохижуулсан байдаг. Сонгодог дэгжин байдлаараа алдартай улаан танхим ''Sala rossa" нь кафе Педрокийн цохилох зүрх нь бөгөөд Жаппеллигийн бүтээсэн зууван хэлбэртэй, зургаан арслангийн сарвуутай тооцоолуурын гантиг лангуун ширээ, тансаг улаан хилэн тавилга, бүдэг гэрэл, төгөлдөр хуур, гоёмсог цэцэгсээр романтик уур амьсгалыг бүрдүүлсэн байдаг. Цонхны эсрэг талын хоёр ханан дээр дэлхийн бөмбөрцгийн зургийг стереографийн порекцоор дэлгэн газарзүйн нэрсийг франц хэлээр дүрсэлсэн. Энэхүү улаан танхим нь төрөл бүрийн хоол, уух зүйлээр олон нийтэд үйлчилдэг гол танхим юм.






Цагаан өрөө "Sala Bianca" нь 1848 оны 2-р сарын 8-нд Австрийн цэргүүд оюутны бослогын үеэр гал нээсэн түүхэн үйл явдлыг дурсдаг. Гар бууны нэг нь сурагчийн аминд хүрсэн бөгөөд энэхүү эмгэнэлт үйл явдлыг дурсах, амь үрэгдсэн сурагчид хүндэтгэл үзүүлэх үүднээс цагаан танхимын хананд үлдсэн сумны нүхний хажууд хүндэтгэлийн самбарыг байрлуулжээ. Мөн цагаан өрөөнд Франц зохиолч Стендалийн "Пармагийн дүрмийн байшин" романд хүндэтгэл үзүүлсэн кафе Педрокигийн тухай эшлэл бүхий самбар байрладаг. Цагаан танхим нь урьдчилсан захиалгаар хувийн жижиг цугларалт, уулзалтуудад ашиглагддаг хаалттай, илүү дотно орон зайг бүрдүүлсэн тусгай өрөө юм.




Ногоон танхим "Sala verde" сандлын бүрээснийхээ өнгөөр нэрлэгдсэн. Уламжлалын дагуу ногоон өрөө хүн бүрд үргэлж нээлттэй байдаг. Учир гэвэл амьжиргаа багатай хүмүүс юу ч худалдан авах шаардлагагүйгээр өвлийн хүйтэн өдрүүдэд орж дулаацаах боломжоор хангасан өрөө юм. Ногоон өрөө нь зөвхөн далбайн өнгөөр тодорхойлогддоггүй ба давхар утга агуулгатай. Энэ нь "Essere al verde" үгчлэн орчуулбал "Ногоон дээр байна" гэсэн Итали хэлц үгээс үүдэлтэй. Хэлц үгний утга нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байгааг илтгэдэг ба үгний гарал үүслийн тухай олон хувилбарын түүх, домог байдаг. Тэдгээр түүхийн нэгд зоосны түрийвчний доторлогоо ихэвчлэн ногоон өнгөтэй байсан ба түрүүвчээ нээхэд хоосон үед ногоон доторлогоо нь харагддаг байснаас үүдэлтэй гэлцэх нь бий. Хэн нэгэн "Essere al verde" гэж хэлбэл санхүүгийн хувьд хүндрэлд орсон төлбөрийн чадамжгүй байна гэсэн үг юм. 



Кафе Педрокигийн сонины нүүрийг санагдуулам меню нь зөвхөн загвар дизайны шийдэл биш юм. Тухайн үедээ кафе Педроки өөрийн нэрээр нэрлэсэн сонинтой байсантай түүхэн холбоотой. Эзэн ноён Антонио Педроки ихээхэн өгөөмөр хүн байсан ба үйлчлүүлэгчтэй харьцах өвөрмөц арга барилтай нэгэн байжээ. Тухайн үед Падуа тансаг хот байсан ч кафе Педроки хүн бүрд хүртээмжтэй байх хямд үнийн бодлого баримталдаг байснаас гадна хүмүүс ямар нэгэн зүйл захиалахгүйгээр ширээнд суун ном, сонин уншиж чаддаг байжээ. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдэд цэцэг өгч, гэнэтийн аадар борооны үеэр үйлчлүүлэгчдэд шүхэр зээлдүүлдэг байсан гээд үйлчилгээний өндөр соёл, мэдрэмжтэй эрхэм байсан юмсанж. 




Кафе Педрокигийн романтик улаан танхимд, тансаг хилэн бүтээлгээр бүтээн эгнүүлсэн дугуй ширээнүүдийн нэгд бид тухлаад, өмнөх үеийн кофенд дурлагчдын амталж байсан caffè Pedrocchi нэрийн кофег, хайрын баярын амтат бэлгэдэл болсон шоколадтай бялууны хамт захиалсан юм. Педроки кофе 100% арабика эспрессог шинэхэн цөцгий, гашуун какаогийн тоостой хослуулан бүтээсэн дэлхийн хамгийн алдартай гаатай кофе. Педроки нэрийн бялуу нь яг л нэрийн кофетой ижил орц бүхий кофе, шоколад, гааг төгс хослуулсан бялуу юм. Ийнхүү бид гэгээн Валентины баярыг өнгөрсөн зуунаас өвлөсөн романтик сонгодог орчинд, түүхэн тансаг амтыг амтлан өнгөрүүллээ. Он жилүүдийн урсгалд кафе Педроки тоо томшгүй олон хайрын түүхүүдийн нэгэн хэсэг нь болсон биз ээ. Ингээд та нартаа гэгээн Валентины баярын мэнд хүргэхийн сацуу хайр сэтгэл нь ноён Антонио шиг өгөөмөр, кафе Педроки шиг урт наслах болтугай хэмээн ерөөе. Дараагийн аялал хүртэл ciao bella.







Comments

Их үзэлттэй