Домогт, сонгодог загварын машинууд


Ciao bella.
2014-2018 оны хооронд Итали руу ихэвчлэн зул сарын үеэр өвөл л ирдэг байсан үе. Зул сарын баярыг католик шашинтай гэр бүлүүд тал, талаас цугларч хамтдаа тэмдэглэдэг  уламжлалын дагуу нөхөр бид хоёр Итали дахь гэр бүлтэйгээ уулзахаар ирдэг байв. Харин 2017 онд Италийн зуныг зорьж үзэхээр ирээд байх үед автомашины парад цуваатай таарлаа. Цуваанд хуучны түүхэн машинуудаас гадна хамгийн сүүлийн үеийн сүпер машинууд ч явж байв. Хуучны классик машинуудаас нь харин би харцаа салгаж ядан харж зогссон. Машин унаа төдийлөн сонирхдоггүй мэдлэг, мэдээлэл ч тааруу би сонгодог загварын машинд дуртай болохоо тэр үед мэдсэн юм. 2019 оноос Италид суурин амьдрахаар ирээд сонгосон хот минь өнөөх парад дамжин өнгөрдөг хот байж таарсан. Ингээд би жил бүр дуртай сонгодог загварын машинуудаа харж баясах давуу эрхтэй болсон юм.




Энэ бол "Mille Miglia" италиар "Мянган миль" гэсэн утгатай түүхэн уралдааны парад юм. "Мянган миль" автомашины уралдааныг 1926 оны 12-р сарын нэгэн өглөө Жованни Канестринид Милан дах гэртээ байх үед нь "Автомашины ертөнцийг донсолгох дуулиант уралдаан зохион байгуулах" санаа төрж, тухайн өдөр Брешиа хотын гурван найз болох Аймо Магги, Франческо Маззотти, Рензо Кастаннето нарт санаагаа хуваалцаж, улмаар гурван сарын дараа авто спортын нэгэн домог мэндэлжээ. Удалгүй 1927 онд 3 сарын 26-нд анхны "Мянган миль" цомын төлөөх уралдаан эхэлсэн түүхтэй. "Мянган миль" хэмээн нэрлэсний учир уралдааны маршрут Брешиа хотоос гарч Ром хүрээд буцаад гарааны хотдоо ирэх аялалд ойролцоогоор мянган миль замыг туулдаг тул ийнхүү нэрлэсэн байна. "Mille miglia" нь задгай зам, мотоспортын тэсвэр тэвчээрийн уралдаан байсан бөгөөд 1927-1957 он хүртэл Италид 24 удаа "Дэлхийн 2-р дайны өмнө 13 удаа, 1947 оноос 11 удаа" зохион байгуулагдаж ойролцоогоор 5 сая үзэгчийг хамарч байжээ. Осол аваар, дайн дажинаас үүдэн хэд, хэдэн удаа завсарлаж улмаар 1977 оноос хойш "Mille Miglia" нь сонгодог болон хуучин машинуудын хурдны бус тогтмол замын уралдаан болон дахин төрсөн. Уралдаанд оролцогчид маршрутын дагуу тогтоосон дундаж хурдыг хадгалан явдаг. 





"Мянган миль" уралдаан нь уламжлалыг шинэчлэлтэй, бүтээлч байдлыг загвар дизайнтай, үзэсгэлэнт байгалийг Итали амьдралын хэв маягтай хослуулснаараа онцлог. Уралдаанд зөвхөн 1927-1957 онуудын хооронд "Мянган миль" уралдаанд оролцсон болон тухайн онд үйлдвэрлэсэн ижил загваруудаас сонгон оролцуулдаг ба дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багууд жолооддог. Ойролцоогоор долоо хоногийн турш үргэлжилж 400 гаруй автомашин оролцон Италийн долоон бүс нутгаар дайран, цагийн зүүний эсрэг чиглэлд явдаг. Маршрутын дагуу автомашинууд далайн эргээр, уулсын дээгүүр, хөдөө тал нутаг, эртний цайзуудын урдуур, дундад зууны тосгонуудаар, алдартай түүхэн газрууд, том хотуудаар дамжин өнгөрдөг. Маршрут дагуу байрладаг долоон бүс нутгийн иргэд, жуулчид хуучны сонгодог автомашины парадыг зам тосон угтаж, зарим нь зам дагуу байрладаг баар, ресторанд тухлаад хундага дарс шимэн үздэг. Зочид буудлууд буудаллагчдынхаа тав тухыг хангахаар сандал, шүхрийг зам дагуулан байрлуулж, зарим азтай оршин суугчид гэрийнхээ тагтан дээрээс үзэх ч боломжтой байдаг.



Уралдааны музей төрлөх Брешиа хотод нь байдаг ба бид амралтын өдрийг "Mille Miglia" музейг үзэж өнгөрүүлэхээр шийдсэн юм. Брешиа хот бол дундад зууны үеийн архитектур, музей, галт зэвсэг ялангуяа машин механизмын үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой гэдгээрээ алдартай хот. Уралдааны эхлэл, төгсгөлийн цэгээс холгүй орших "Mille Miglia" музейн хаалгаар ормогц өвөрмөц нэгэн дүр төрх биднийг угтан авлаа. Зузаан шилэн шалны доороос тодрох эртний зүйл нь 1008 оноос эхтэй "Сант'Эуфемиа делла Фонте" хэмээх хийдийн үлдэгдэл ажээ. Сант'Эуфемиа хийд оршин тогтнох нь анхны гурван зуунд асар их ач холбогдолтой байсан ч Брешиаг эзлэхийг оролдсон армиудын байнгын довтолгоонд өртдөг байсан тул лам нар хийдийг орхихоор шийдэж, 1478 онд хийд хаалгаа үүрд хаажээ. Энэ үл хөдлөх хөрөнгө нь археологи, түүх, архитектурын асар их үнэ цэнтэй барилга. Энэхүү чухал түүхэн дурсгалын үлдэгдэл нь 1979 онд Брешиа хотын захиргаанд шилжиж, 1997 онд орон нутгийн эрх баригчид "Mille miglia" холбоонд уг газрыг ашиглах эрхийг олгожээ. Музей барих төслийг хэрэгжүүлэхийн тулд холбооны зүгээс "Сант’Эуфемиа" хийдийн цогцолборыг сэргээн засварлаж түүхийн чухал үлдэгдлийг хямгадан нандигнаж музейн нэг хэсэг болгожээ. 




2004 оны 11-р сарын 10-нд нээгдсэн музей нь асар чухал түүхэн дурсгалт газарт байрладгаараа бусад автомашины музейнүүдээс ялгардаг. "Mille Miglia" музей нь ховор, дөрвөн дугуйт эрдэнийн цуглуулгыг хувийн цуглуулагчдын үнэнч зүтгэл, бусад автомашины музейнүүд, тэр дундаа "Mille Miglia" болон "Мерседес Бенз"-ийн музейтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний ачаар бүрдүүлж чаджээ. Цуглуулга нь түүхэн уралдаанд оролцсон хуучин машинууд, цом, "Mille Miglia" брэндийн эд зүйлс, 1927-60-аад оны хооронд үйлдвэрлэгдсэн машинууд, орчин үеийн уралдаанд зориулсан хэсэг, зурагт хуудас, олон тооны гэрэл зургуудаас гадна нийгэм, улс төр, технологийн нөхцөл байдлын талаар илүү ихийг мэдэх боломжтой аудиовизуал станцууд нь тухайн үеийн контентыг үзэх, сонсох боломжийг олгодог. Музейн маршрут нь есөн цагийн хэсэгт хуваагддаг бөгөөд долоо нь 1927-1957 оны "Mille miglia", нэг нь 1958-1961 оны, нөгөө нь орчин үеийн "Mille miglia"-д зориулагдсан. Музейн маршрутыг дүүргэдэг түүхэн уралдаантай холбоотой хуучин машинуудын заримыг нь жилд нэг удаа зээлж тавдугаар сарын дундуур товлогддог "Mille Miglia" раллид оролцуулдаг. 






"Mille Miglia" музейд "Mercedes Benz Classic" цуглуулгын 5 уралдааны автомашин багтдаг бөгөөд эдгээр нь уг уралдааны түүхтэй холбоотой, ялалтын цомыг авчирсан домогт машинууд юм. Үзэсгэлэнд: 
1.Mercedes-Benz 300 SLR "W196S" Сэр Стирлинг Мосс, Денис Женкинсон нарын жолоодож явсан энэ машин нь 1955 оны "Mille Miglia" уралдаанд дээд амжилт тогтоож түрүүлсэн нь өнөөг хүртэл ялагдаагүй амжилт юм.
2.Mercedes-Benz 710 SS "W06" Энэхүү загварыг Рудольф Карачиола, Вильгельм Себастьян нар жолоодож, 1931 онд "Mille Miglia"-д түрүүлсэн. 
3.Mercedes-Benz 710 SS "W06" Рудольф Карачиола, Вильгельм Себастьян нарын жолоодсон ижил загвар нь 1932 онд мөн "Mille Miglia"-д түрүүлсэн. 
4.Мерседес-Бенз 710 SS "W06" 1933 онд Рудольф Карачиола, Вильгельм Себастьян нарын жолоодож явсан 710 SS 'W06" нь Mille Miglia"-дахин ялалт байгуулсан.
5.Mercedes-Benz 710 SSKL "W06" Луижи Фагиоли, Фил Хилл нарын жолоодсон энэхүү загвар нь 1938 онд 'Mille Miglia" уралдаанд түрүүлж байжээ. 
Эдгээр машинууд болон ялалтууд нь уралдааны түүхийн салшгүй нэг хэсэг юм. 'Mille Miglia" музейд зочилсон хүмүүс эдгээр түүхэн ялалтууд болон нэр хүндтэй арга хэмжээнд "Мерседес Бенз"-ийн гүйцэтгэсэн үүргийн талаар мэдэх боломжтой.







Музейд домогт машинуудыг дэлгэн харуулж, Италийн мотоспортын түүх соёлыг өгүүлэхээс гадна өнгөрсөн үеийн эдлэл хэрэгслүүдийн үзэсгэлэн ч багтдаг. Мөн музейн байранд уралдаантай холбоотой брэндийн эд зүйлс, ном, сонин, сэтгүүл, бэлэг дурсгалын зүйлс худалдаадаг дэлгүүр болон ресторан, хурлын танхим байрладаг. 
Ийнхүү бид жил бүр үзэж нүд, сэтгэлээ баясгадаг уралдаан, парадын музейгээр аялж үүх түүхээс нь суралцан амралтын өдрийг өнгөрүүллээ. Хэрвээ та уралдааны маршрут дайран өнгөрдөг бүс нутгуудад зун аялж таарвал сонгодог хуучин машинууд, ивээн тэтгэгч брэндийн хамгийн сүүлийн үеийн автомашинуудтай зэрэгцэн явдаг энэхүү парадыг заавал үзээрэй. Энцо Феррари "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уралдаан" хэмээн тодорхойлсон "Mille miglia" үнэхээр л авто спортод сонирхолгүй нэгнийг ч уруу татаж, харц булаах он цагийн шилдэг хүлгүүд оролцдог.






Итали жолооны үнэмлэхтэй болохоороо хуучны сонгодог загварын машин олж аваад, дээврийг нь хумьчхаад зуны үдэш зугаалж явахыг мөрөөддөг. Эсвэл торгон алчуурыг толгойдоо зангидаад түүнийхээ дэргэд суучихаад толгодыг дагаад аялж явах. Хэзээ нэгэн өдөр биелэх болтугай хэмээн "манифест" хийгээд блогтоо мөрөөдлийн дүрслэлээ оруулчихъя. Уншигч таныг ч мөрөөдлийн унаагаа эзэмших болтугай гэж ерөөе. Авто спортын домогт уралдааны түүхээр хамт аялж, энэ хүртэл уншсанд баярлалаа. Дараагийн аялал хүртэл CIAO BELLA.


OUTFIT OF THE DAY




Миний хувьд классик, элегант хэв маягаар хувцаслах дуртайг та нар минь мэдэх байх. Энэ удаа цагаан, цайвар өнгөөр монохром дүр төрх бүрдүүллээ. Энэ цагаан ноосон даашинзыг худалдан авах болсон шалтгаан өнгө, материал болон биеийн галбирыг тодотгосон эмэгтэйлэг "A-line" хэлбэртэй, урт "мaxi" загвартай тул өөр нэмэлт зүйл шаардлагагүйгээр элегант, эмэгтэйлэг төрх хялбар бүрдүүлж чадахаар байсан юм.
Зөвлөгөө: 
1.Нэмэлтээр гутал, цүнхтэй өнгө ижил арьсан, нарийн бүс зүүвэл мөн гоё зохицно. 
2.Цагаан хувцасны дотор зөвхөн биений өнгөтэй дотуур хувцас өмсөөрөй. Цагаан өнгөтэй дотуур хувцас цагаан өнгийн хувцасны цаанаас бусад өнгийн дотуур хувцастай адил тод гэрэлтэж харагддаг.
Ноосон даашинз: Gestuz 
Гутал: The seller 
Цүнх: Furla
Дотуур хувцас: Intimissimi



Comments

Их үзэлттэй