Амьдралд давтагдашгүй аялал




Унших дуртай номын нэгд салбар, салбарын Дэлхийн хэмжээний эрхмүүдийн түүх намтар, сургамж зөвлөгөө ордог. Жилд хоёр удаа Монголоос тус бүр арав орчим ном захиж авдаг юм. Гадаад улсад амьдардаг хүний хувьд эх хэлээрээ уншиж, бичин "блог хөтлөх" тансаглахыг хүсдэг. Ээлжилт захиалгаа хийхээр худалдаанд байгаа номнуудаас сонгож суутал Walt Disney компанийг 15 жил удирдсан Robert "Bob" Iger-ын "Амьдралд давтагдашгүй аялал ном" миний сонирхлыг татсан юм. Хүн бүрийн мэдэх Дэлхийн шилдэг энтертаймент компанийг 15 жил удирдсан энэ эрхмийн онцлог, ур чадвар нь юу болохыг мэдэхийг хүслээ.



Номын эхний хуудсыг сөхөхдөө л тээсэн асуултын хариулт "өрөвч сэтгэл, даруу байдал, алдаагаа болон мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх шударга зан чанар, бизнесийн ёс зүй, тооцоолсон эрсдэлийг үүрэх болон хувьсан өөрчлөгдөх чадвар" болохыг олж мэдлээ. Эдгээр чадварууд нь түүнийг Дэлхийн энтертайнмент салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болгожээ. Игер Диснейг удирдах хугацаандаа Дисней компанийн зах зээлийн үнэлгээг 48 тэрбум доллараас 257 тэрбум доллар хүртэл өсгөж, өнөөдрийн олон улсын тавцанд үзүүлсэн өсөлтөд зориулсан төлөвлөгөөг боловсруулсан юм. Тэрээр Уолт Диснейн хүүхэлдэйн киноны студийн үйл ажиллагааг сэргээж, зүүн ази дахь паркуудыг өргөжүүлж, 2005, 2016 онд Хонг Конгийн Диснейлэнд амралтын газар, Шанхайн Дисней амралтын газрыг тус тус нэвтрүүлжээ. "Амьдралд давтагдашгүй аялал ном"-д Игер өөрийн карьерын хугацаанд тулгарсан сорилтууд, Pixer, Marvel, 21th century fox-ийг худалдан авсан, Disney болон Steve Jobs хоорондын таагүй харилцааг сэргээн хамтран ажилласан түүх зэрэг стратегийн алсан хараатай, шийдэмгий байдлаар хэрхэн удирдсан тухайгаа болон өөрийн удирдан манлайлах сургамжуудаа хуваалцах болно. Боб Игерын "Амьдралд давтагдашгүй аялал ном" бол хувийн түүх дурсамж, сургамж, манлайллын мэргэн ухааныг хослуулсан ном бөгөөд удирдагч, гүйцэтгэх захирал болох амбицтай, бизнесийн болон бүтээлч салбарт ажилладаг, эсвэл зүгээр л Диснейн шүтэн бишрэгч хэн ч уншихад тохиромжтой.  



Номыг нь уншиж дуусаад "Masterclass" платформ дээрх Боб Игерийн бизнес стратеги, манлайллын мастерклассыг мөн үзсэн. Уг мастеркласст номд өгүүлсэн түүний карьерын чухал, онцлох үйл явдлууд, түүнийг амжилтад хөтөлсөн манлайллын ур чадвар, стратегиудаа хоёр цагийн хугацаанд заасан. Хэрвээ энэ платформыг мэддэггүй, мэддэг ч "Subscribe" хийгээгүй байгаа бол хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Салбар, салбарын дэлхийн хэмжээний эрхмүүдээс суралцах сайхан боломж юм шүү. Платформын контентууд сонирхолтой, өндөр түвшинд хийгдсэнээс гадна давтах, эргэн санах татах материалуудтай байдаг.

Comments

Их үзэлттэй