Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий

 



Номын гарчгаас илүүтэй зохиолч сонирхлыг минь татсанаар "Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий" номыг эхлүүллээ. Номын зохиолч Крис Восс, Холбооны мөрдөх товчоонд хорь гаруй жил ажилласан хугацааныхаа арван таван жилийг барьцааны хүн суллах хэлэлцээрийн мэргэжилтнээр ажиллажээ. 
Хүссэнээ сонгоод үзэх боломжгүй, цөөн хэдхэн телевиз сувгаар гарах киног анан хүлээж үздэг хүүхэд ахуйд, банк дээрэмдэн хүн барьцаалсан гэмт хэргийн тухай өгүүлэх холливүүдийн кинонуудыг багагүй үзсэн сэн. Тийм болоод ч тэр үү Крис Воссын мэргэжил, туршлага надад ихэд сонирхолтой санагдсан. Сониуч зандаа хөтлөгдөн эхлүүлсэн энэхүү номоос, хүн барьцаалсан луугаруудтай хийдэг хэлэлцээрийн тактик нь өдөр тутмын амьдралын янз бүрийн салбарт ч үр дүнтэй ашиглаж болохыг олж мэдлээ. 
Амьдрал бол хэлэлцээр. Цалингаа нэмүүлэх, хүүхдээ үгэндээ оруулах, нөхрөө гэр орны ажилдаа туслуулах, бараа бүтээгдэхүүн худалдан авах агаад борлуулах гээд өдөр тутамдаа бид хэлэлцэж байдаг. Хэлэлцээрийг амжилттай хийж хувийн болон мэргэжлийн хүрээнд ашиглан хүссэндээ хүрж болох практик зөвлөмж, арга тактикийг "Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий" ном санал болгожээ. Крисс Восс номдоо хүний амь нас хөндөгдсөн өндөр эрсдэлтэй нөхцөлд туршин алдаа, онооноос сургамж авч сайжруулан боловсруулан өөриймшүүлсэн зарчим, хуримтлуулсан туршлага, эзэмшсэн мэдлэгтээ тулгуурласан хэлэлцээрийн арга тактикаа хуваалцах болно. Крис Воссын "Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий" номд амжилттай хэлэлцэгч болохыг тулд эзэмшвэл зохих хэлэлцээрийг амжилттай өрнүүлэх суурийг тавих арга, идэвхтэй сонсох урлаг, бусдыг мэдэрч ойлгох замаар итгэлцэл бий болгох эмпати, эвдрэлцлийг эв зүйгээр зохицуулах арга, худалчийг таньж бусдыг амлалтад нь хүргэх ур чадварууд зэрэг олон сонирхолтой, үр дүнтэй, шинэлэг тактикуудыг, карьерынхаа туршид үйлдэгдсэн хүн барьцаалсан гэмт хэргүүдийн бодит жишээнүүдийг авч үзэн, хэлэлцээр хийх урлагийн талаар үнэ цэнтэй ойлголтуудыг өгчээ. Зохиолч Крисс Восс нь Харвардын их сургууль, Өмнөд Калифорнийн их сургууль, Жоржтауны их сургууль тэргүүтэй олон бизнесийн сургуульд багшилж байсан профессор. Мөн тэрээр "Fortune" сэтгүүлээс шалгаруулдаг шилдэг 500 компанид хэлэлцээрийн сургалт, зөвлөгөө өгдөг "Black swan" компанийн үүсгэн байгуулагч. "Хоёрын хооронд хэлэлцээр хэзээ ч бүү хий" номыг хэлэлцээр хийх урлагийг эзэмшиж, дөмөгхөн үр дүнд хүрэхийг хүсэж буй хүн бүр уншихад тохиромжтой. Номын орчуулга, найруулга ч сайн болсон санагдсан. Үг зүйг тэлэх олон шинэ үг сурсандаа баяртай байна.

Comments

Их үзэлттэй