Энцо Ферраригийн үлдээсэн өв

 


Ciao bella.
Бальзамын цуу, дуурийн өв уламжлал, автомашины үйлдвэрлэлээрээ алдартай Модена хотоос шиврээ бороо, сэхүүн салхитай өдрийн мэнд уламжилъя. Модена хот дэлхийд алдартай дуурийн дуучин тенор Лучано Паваротти, Феррари брэндийн үүсгэн байгуулагч Энцо Феррари нарын өлгий нутаг. Ферраритай холбоотой хоёр ч музей төрлөх хотод нь бий. Хотын түүхэн төвийн зүрхэнд орших Энцо Ферраригийн төрсөн байшинг хүрээлсэн футурист байгууламж "Museo Casa Enzo Ferrari" музейд Энцо Ферраригийн амьдрал, уран бүтээл, 1950-аад оны ховор машинуудын цуглуулга байдаг. Бидний хувьд өнгөрсөн сард сонгодог загварын хуучин машинуудын музейг үзсэн тул энэ удаа орчин үеийн супер машинуудыг сонирхохоор Модена хотоос 14 км зайд Маранеллод, анхны Феррари үйлдвэрээс 300 метрийн зайд орших Феррари брэндийн музейг зорьж, Энцо Ферраригийн үлдээсэн өв, Феррари брэндийн үүх түүхээр аялахаар ирсэн нь энэ.



Брэндтэй танилцахаас урьтаж үүсгэн байгуулагчийн тухай товчхон өгүүлбэл Энцо Феррари 1898 оны 2-р сарын 18-нд Италийн Модена хотод төрсөн. Энцо нь Карпи хотын хүнсний худалдагчийн хүү байсан бөгөөд аавынхаа урланд машин дээр ажиллаж, төмөр эд ангиудыг урлан гараагаа эхэлжээ. Энэхүү практик туршлага нь түүнд автомашины ур чадвар, хүсэл тэмүүллийг хөгжүүлэх боломжийг олгосон аж. Тэрээр 10 настай байхдаа 1908 онд Болонья хотод зохиогдсон Флорио цомын тэмцээнийг үзэхээр аавыгаа дагаж явснаар түүний амьдрал үүрд өөрчлөгдсөн. Уралдаанд Фелис Наззаро түрүүлэхийг харсан явдал нь түүнд хамгийн ихээр нөлөөлж урам зориг өгсөн үйл явдал болжээ. Дэлхийн 1-р дайнд Италийн армид алба хааж байхдаа уралдах сонирхол нь улам бадарсан гэдэг. Дайны дараа Энцо уралдааны замналаа "Alfa Romeo"-д жолоочоор эхлүүлж, туршлага хуримтлуулж, мотоспортод гүн дурлаж, улмаар алдарт Феррари уралдааны багийг байгуулахад хүргэсэн. Энцо 1923 онд Савиа тойргийн Равенна хотод хүртсэн анхны гран-при нь булган сүүлтэй байж тухайн улиралдаа гурван гран-при дагуулжээ. 1932 онд түүний хүү Альфредо төрсний дараа Энцо зодог тайлж, Жузеппе Кампари, Тацио Нуволари зэрэг супер оддоос бүрдсэн багийг бүрдүүлэхээр шийдсэн байна. Энцо 41 Гран-прид оролцож 11 удаа түрүүлсэн амжилтаараа уралдааны жолоодлогоос зодог тайлжээ.


Феррари брэндийн бэлгэ тэмдэг болсон шар дэвсгэр дээрх цоройж буй хар морины тухайд Италийн сөнөөгч онгоцны нисгэгч Франческо Баракка дэлхийн нэгдүгээр дайнд алба хааж байхдаа аз хийморийг бэлгэдэн цоройж буй морийг онгоцон дээрээ зуржээ. Бараккаг нас барсны дараа түүний ээж, Энцо Феррарид уг морийг машиндаа ашиглахыг санал болгож Феррари, төрсөн нутаг болох Модена хотын канарын шар өнгөт дэвсгэрийг нэмсэнээр брэндийн лого бүтсэн түүхтэй. Бэлэг тэмдгийн дээд талд харагдах ногоон, цагаан, улаан судлууд Ферраригийн өв уламжлалыг илэрхийлсэн Италийн төрийн далбааны өнгөнүүд. Утга төгөлдөр Феррари лого нь хүч чадал, хурд, тансаг байдал, брэндийн Итали өвийг бэлгэддэг. Энэхүү лого нь өдгөө автомашины салбарын хамгийн алдартай, нэр хүндтэй логонуудын нэг болж, хүн бүрийн мөрөөдөлд амьдрах болсон билээ. Музейн танхимд цаг хугацааны туршид дизайны жижиг өөрчлөлт хийгдсэн ч үндсэн бүтэц хөндөгдөөгүй логонуудыг харуулсан самбарыг байрлуулсан байв.





Феррари музейн архитектурыг Чехийн алдарт архитектор Ян Каплики, Ферраригийн бэлгэ тэмдэг болсон автомашинуудын аэродинамик шугамд хүндэтгэл үзүүлэн гоёмсог, футурист бүтэцтэй зохион бүтээжээ. Музей анх 1990 оны 2-р сард нээгдэж, 2004 оны 10-р сард шинэ далавчтай болсон ба одоо нийт 2500 хавтгай дөрвөлжин метрийг хамарч, жил бүр 180.000 орчим зочин хүлээн авдаг. Гялалзсан, гоёмсог, шилэн музейн хаалгаар нэвтрэхэд брэндийн дүрэмт хувцсаар ижилссэн ажилчид, хоёр талын хананд томоор сийлсэн Энцо Феррарагийн гарын үсэгтэй эшлэлүүд биднийг угтан авлаа. Музейг үзэхийн тулд насанд хүрэгчид 27 евро төлөх ба 30 евро төлснөөр Ферраригийн хоёр музейг 48 цагийн дотор хамт үзэх онцгой тасалбар ч байдаг. Мөн хоёр музейн хооронд хуваарьт автобус явдгаараа давуу талтай. 


Музейн хувьд хэд, хэдэн үзэсгэлэнгийн хэсэгт хуваагддаг бөгөөд энд хамгийн алдартай Феррари машинуудыг цуглуулаад зогсохгүй Италийн агуу автомашины брэндийн түүхтэй холбоотой шагнал, гэрэл зураг болон бусад түүхэн эд зүйлсийг дэлгэн үзүүлж, Маранелло дахь даруухан эхлэлээс эхлээд дэлхийн хэмжээний уралдааны замд хосгүй амжилтад хүрэх хүртэл брэндийн баялаг өвийн хувьсал, амжилтын талаар өгүүлдэг. 
Эхний танхим дах Энцо Ферраригийн оффисоор бидний аялал эхэлсэн юм. Энд түүний оффисыг нямбайлан байрлуулж 20-р зууны дунд үе, догшин морины домог эхэлсэн эрин үе рүү Феррари брэндийн шүтэн бишрэгчдийг буцахыг санал болгож байв. Энэхүү үзүүлэн нь Ферраригийн үүсгэн байгуулагчийн ажлын орчныг тоймлон харуулж, анхны тавилга, хувийн эд зүйлс, Энцо Ферраригийн дурсгалын зүйлсийг багтаасан бөгөөд Ферраригийн уралдааны болон машинтай холбоотой олон түүхэн шийдвэр гарсан орон зайн, хэв маягийг сонжих боломж олгожээ.








Оффис байрлаж буй энэ танхимд мөн Ферраригийн амжилтын үндэс суурийг тавьсан анхны загваруудаас эхлээд орчин үеийн уралдааны замд ноёрхож буй машинууд хүртэлх гайхамшгуудыг хадгалж байна. Музейн цуглуулгуудад 12 цилиндртэй дунд хөдөлгүүртэй спорт машин Тестаросса, цилиндр бүрийн шоо см-ийн шилжилтийг илэрхийлдэг 250 GTO гранд аялагч машин, зөвхөн 500 ширхэг үйлдвэрлэсэн худалдаанд ховор байх LaFerrari "F50" машин зэрэг домогт тээврийн хэрэгслүүд, интерактив суурилуулалтыг харуулсан үзмэрүүд, Ферраригийн алдартай загваруудын хувьсал, уралдааны машинаас замын машин руу шилжсэн технологийн шинэчлэлүүдийг сонирхуулж байлаа.









Феррари музейн "Супер машинууд" ангилалд автомашины технологийн хувьсал дахь томоохон дэвшлийг магтан сайшаасан, брэндийн хамгийн өндөр хүчин чадалтай, онцгой, технологийн дэвшилтэд загварууд багтдаг. Энцо Феррари нэгэнтээ "Хамгийн сайн бүтээгдсэн Феррари бол дараагийнх" хэмээсэн байдаг. Түүний хувийн философийн бүтээгдэхүүн болсон эдгээр машинууд нь бүгд хязгаарлагдмал цувралууд бөгөөд технологи, дизайн, гүйцэтгэлийн тухайн цаг үеийнхээ оргилыг илэрхийлж, шинэ машин бүр нь өмнөх амжилтаа давахыг зорьсныг илтгэнэ. 
Феррари брэндийг тодорхойлдог улаан, шар өнгөний тухайд, 1920-оод оны сүүлээр ОУ-ын автомашины холбоо "FIA" улс орнуудад тодорхой өнгө хуваарилах үед Италийн үндэсний уралдааны өнгө нь улаан байсан. Тиймээс Энцо, Итали орныг хүндэтгэн хурд, хүч, гоо үзэсгэлэнг бэлгэдэн улаан өнгийг сонгосон. Шар өнгөний тухайд дээр дурдсанчлан Энцо Ферраригийн төрлөх хот Моденагийн өнгө.







Музейн дараагийн хэсэг бол мотоспортын бэлгэдэл болсон Формула 1-ийн хамгийн амжилттай багт зориулсан ялалтын танхим. Ялалтын танхим нь 90 гаруй жил үргэлжилсэн гайхалтай карьерын түүхийг өгүүлж, 1999-2008 оны дэлхийн аварга шалгаруулах F1 уралдааны Ферраригийн хамгийн амжилттай уралдааны машинуудыг онцолж, "Scuderia Ferrari" уралдааны багийн ялалтад зориулсан хүндэтгэлийн танхим. Ялалтын танхимд F1-д түрүүлсэн машинуудыг налуу тавцан дээр нуман хэлбэртэйгээр байрлуулсан байсан нь танхимд орж ирж буй Формула 1-ийн шүтэн бишрэгчдийг дуу алдуулж байв. Машинуудын ард байрлуулсан дэлгэцүүдээр уралдаантай холбоотой дүрс бичлэгүүдийг үзүүлж, хэдэн зуун морины хүчин чадалтай моторын дууг сонсгож байлаа. Ферраригийн түүхэн дэх 9 дэлхийн аварга жолооч, дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан 110 гаруй цомын цуглуулгаараа ялалтын танхимыг чимжээ.




Феррари нь "Tailor Made" программаараа дамжуулан хувийн тохиргооны өргөн сонголтуудыг санал болгодог бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд машиныхаа өнгө, дотоод засал чимэглэл гэх мэт янз бүрийн талыг өөрчлөх боломжийг олгодог.  Эрт үед автомашины эзэд даавуу, арьс, мод, өнгө, өнгөлгөө зэргийг сонгох асар их эрх чөлөөтэй байсан тул тэдний хувийн хүсэл сонирхолд нийцүүлэн нэг удаагийн бүтээл туурвидаг байжээ. Өнөө үед Феррари нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн "Configurator" хэрэглүүрийг ашиглахыг санал болгодог. "Configurator" нь Ферраригаас гаргасан онлайн хэрэгсэл бөгөөд хэрэглэгчид автомашинаа өөрийн сонголтоор хувийн хүсэл сонирхолд нийцүүлэн гадна өнгө, дотоод засал чимэглэл, дугуй, нэмэлт функц гэх мэт янз бүрийн сонголтуудыг сонгож хувийн, захиалгат загварыг бий болгодог. Энэ нь хэрэглэгчдэд захиалга өгөхөөс өмнө өөрийн хүссэн машинаа дижитал хэлбэрээр дүрслэн харах боломж олгодог.





Музейн төгсгөлд нэмэлт төлбөрөөр 150 см-ээс дээш өндөртэй зочид Феррари симуляторыг турших боломжтой. Энэ нь 7 минутын жолоодлого бөгөөд машинд суугаад өөрийн сонгосон тойрог замаар жолооддог. Энэхүү симулятор нь уралдааны туршлагыг жинхэнэ утгаар нь мэдрэхийн тулд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг. Бүхээгт суух үед эргэн тойрон дахь өндөр нарийвчлалтай дэлгэцүүд Монза, Силверстоун, тэр байтугай Монакогийн алдарт Гран-при зэрэг домогт замууд руу шилжүүлнэ. Симулятор нь бодит хөдөлгөөн, замын гадаргууг нарийн мэдрэх боломжийг олгодог. 
Феррари музейгээр зочилсон аяллаа дурсахад зориулж Феррари F8 Tributo загварын машинтай студи музейн төгсгөлийн танхимд биднийг хүлээж байлаа. Санал болгож буй хоёр хэмжээнээс сонгон 15 эсвэл 20 евро төлж хэвлэмэл болон дижитал хэлбэрээр зургаа авах боломжтой. Ингээд Феррари брэндийн хувцас, эдлэл, бэлэг дурсгалын дэлгүүрт зочилсноор музейн аялал албан ёсоор өндөрлөсөн юм.




"Би Феррари болохыг мөрөөддөг байсан" хэмээх Энцо Ферраригийн үгээр авто ертөнцийн суут ухаантан, түүний бүтээсэн өвөөр аялсан блогоо жаргаая. Өөрийн хүсэл тэмүүллээ олж танин, түүндээ хоёргүй сэтгэлээ зориулж, ур ухаанаа шингээн, үргэлжид сайжрахын төлөө зорьж амьдарвал хүн бүр өөрийн шилдэг "брэнд" -ээ бүтээх буй за.

   OUTFIT OF THE DAY



Ямар өнгөнүүдийг хослуулж өмсөхөө мэдэхгүй эсвэл яарсан үедээ монохром буюу нэг өнгөөр дагнан хувцаслах загварын бяцхан заль ашиглаарай. Цаг хэмнэхээс гадна маш цэвэрхэн, цэгцтэй, үнэтэй харагдах болно. Ялангуяа цайвар "цагаан, бор шаргал" өнгөнүүд. Миний хувьд гадуур хувцас болон даашинз худалдан авахдаа ихэвчлэн бүстэй загварыг илүүд үздэг. Ийм загварууд эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгохоос гадна цээж богино, хөл урт харагдуулдаг давуу талтай. 

Малгай: Marella
Шил: Ralph lauren
Цув: Lauren Ralph lauren
Цамц: Polo club
Өмд: Lauren Ralph lauren
Цүнх: Strathberry
Гутал: Zara





Comments

Их үзэлттэй