Classy: Exceptional advice for the extremenly modern lady







Номын сангаа цэгцэлж байхдаа хэдэн жилийн өмнө уншсан номоо олоод залуу охид, бүсгүйчүүддээ санал болгохоор шийдлээ. Өнөөдрийн нийгэмд олон нийтийн хэрэгсэл, платформууд дээр анхаарал татахуйц "буруу" зан үйлийг чөлөөтэй сурталчилж байгаа нь ялангуяа залуу үеийнхний хувьд сайн ба муу зан авир хоорондох заагийг бүдгэрүүлж, нийгмийн ёс зүй, хэм хэмжээний талаар ойлголтыг дарангуйлж, төөрөгдөлд оруулж байж болзошгүй юм. Хүн бүрд зөв бурууг зааж, үлгэрлэх ээж, эгч байдаггүй шүү дээ. Дотнын зөвлөхийн орон зайг нөхөж зөв, зохистой эмэгтэй хүн болоход шаардлагатай мэдлэг, мэдээлэл, зөвлөгөөг "Classy: Exceptional advice for the extremenly modern lady" ном санал болгодог. Сонирхолтой нь номын зохиолч эрэгтэй хүн. Гэхдээ түүнийг өнгөц дүгнэхээ түр азнаарай.
Номын зохиолч Дерек Бласберг бол сэтгүүлч, редактор, зохиолч бөгөөд телевиз, загварын ертөнцөд арвин туршлагатай. Тэрээр Youtube-ын загвар, гоо сайхны түншлэлийн дарга, W, Vogue, Harper's bazaar, Vanity fair зэрэг сэтгүүлүүдэд ажиллаж, "Met gala" зэрэг томоохон болон өндөр зэрэглэлийг "Ball" арга хэмжээнүүдийг зохион байгуулж уригдан оролцдог бөгөөд урлаг, загварын хамгийн нэр хүндтэй эрхмүүдтэй хамтран ажилладаг. Дерек Бласбергийн "Classy: Exceptional advice for the extremenly modern lady" ном нь толгой эргэм өнөөгийн нийгэмд сонгодог байдлаар биеэ авч явахыг уриалж загварлаг, мөнхийн "timeless" сонголт хэрхэн хийхийг зөвлөдөг. Загвараас гадна Бласберг нийгмийн ёс зүйн нарийн ширийнийг судалдаг. Түүнийг бяцхан хүү байхад ээж, аав нь "Tiffany's table manner" сургалтад хамруулснаар нийгмийн ёс зүй сэдвийг сонирхон судлах үүд хаалгыг нь нээн өгсөн гэдэг. Тэрээр албан ёсны арга хэмжээнээс эхлээд энгийн үдэшлэг цугларалтад очихдоо янз бүрийн хувцаслалтын кодыг мэддэг байх, ярианы ур чадвар, ширээний ёс зүй, үйлчлэх болон зочин байх соёлын талаарх ойлголтыг өгч, үдэшлэгийг хэзээ орхин явах, хэрхэн аялах, нөхөрлөх, болзох, таагүй байдалд болон цахим орчинд хэрхэн биеэ зөв авч явах, нүүр будалт зэрэг залуу охид, бүсгүйчүүдэд хэрэгтэй олон сэдвээр өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцах болно. Мөн түүнчлэн үзэх хэрэгтэй загварын кинонууд, унших ном зохиолууд, мэдэх хэрэгтэй уран бүтээлчдийн жагсаалтыг багтаасан цогц гарын авлага юм. 
Биеэ зөв сайхан авч явах нь "баярлалаа, уучлаарай"-аас давсан нарийн, чухал зүйл. Нийгэмдээ бүрэн боловсорсон соёлт иргэн байж, бүхий л талаар биеэ зөв боловсон, дэгжин авч явах урлагт суралцах хүсэлтэй охид, бүсгүйчүүддээ "Classy: Exceptional advice for the extremenly modern lady" номыг санал болгож байна.

"Хүмүүжил хамгийн сайн боловсролын нээж чадахгүй хаалгыг нээдэг" Кларенс Томас.




Comments

Их үзэлттэй