Винсент Ван Гогийн бодит мэт ертөнцөд


Ciao bella.
Байгаль дэлхий сэрж, шувууд жиргэсэн хаврын нэгэн өдрийн мэндийг нарлаг Италийн Милан хотоос дайя. Өнгөрсөн есдүгээр сард тог цахилгааны асуудлаас үүдэн цуцлагдаж үүднээс нь сэтгэл гонсгор буцсан нэгэн үзэсгэлэнг бид дахин зорьж "даагаа нэхэхээр" Милан хотод ирээд байна. 2017 оноос дэлхийн томоохон хотуудад зохион байгуулагдаж буй энэхүү мультимедиа үзэсгэлэн нь уран зургийн уламжлалт галерейг шинэ түвшинд аваачин дэвшилтэд технологийн тусламжтай дотор нь орсон мэт мэдрэн, шимтэн үзэх өвөрмөц, шинэлэг арга туршлагыг санал болгож байгаа билээ. Урлагийг өвөрмөц, сонирхолтой арга байдлаар түгээдгээрээ алдаршсан дэлхийн энтертайнмент компани болох Fever-ын тухай энд
Ингээд бид "Van Gogh: The Immersive Experience" Милан хотын 360º дижитал урлагийн үзэсгэлэнд ирж, Голландын суут ухаантан Винсент ван Гогийн ертөнцөд хөл тавилаа.


Винсент Ван Гог бол 1853-1890 онд амьдарч байсан Голландын пост-импрессионист "Гадаад ертөнцийг дахин дүрслэхээс илүү дотоод сэтгэл, төсөөллийг илэрхийлдэг урлагийн урсгал" зураач юм. Ван Гог барууны урлагийн түүхэн дэх хамгийн алдартай, нөлөө бүхий хүмүүсийн нэг. Түүний бүтээлд уран зураг, зураг, ноорог зэрэг 2000 гаруй урлагийн бүтээл багтдаг. Түүний зургууд сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, тод өнгөөрөө алдартай. Хамгийн алдартай бүтээлүүдэд нь "Одтой шөнө", "Наранцэцэг", "Унтлагын өрөө" зэрэг тооцогддог. Ван Гог амьдралынхаа туршид сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байгаад 37-хон насандаа амьдралаа дуусгахаар шийдэн амиа хорлон нас барсан юм. Тэрээр амьд ахуйдаа олонд танигдаагүй ч түүний бүтээлүүд өдгөө өндрөөр үнэлэгдэж, тоо томшгүй олон уран бүтээлчдэд нөлөөлж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа үзэгчдийг байлдан дагуулж, урамшуулсаар байна. Google дээр л гэхэд 90,7 сая гаруй удаа Ван Гог хайлт хийгджээ. 



Ван Гогийн тухай сонирхолтой баримтуудаас дурдвал, түүнийг өнгөний харааны хомсдол "color blind" буюу цэнхэр, шар өнгийг ялгаж чаддаггүй байсан гэх таамаг байдаг. Түүний зургууд алдаршихад шинэлэг хэв маяг, тод өнгө, дотоод сэтгэлийн хямрал, сэтгэл хөдлөлийг тусгал, ертөнцийг үзэх өвөрмөц үзэл, импасто "зузаан бүтэцтэй будаг" аргуудыг туршиж, уламжлалт бус хэтийн төлөвийг ашигласан зэрэг нь нөлөөлжээ. Мөн ээдрээт хувийн амьдралын түүх, эмгэнэлтэй төгсгөл нь түүний бүтээлийг тойрсон нууцлаг байдлыг улам ихээр нэмэгдүүлсэн байна. Ван Гог ихэнх бүтээлээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд туурвисан бөгөөд эдгээр 2000 бүтээлээс ганцхан "Улаан усан үзмийн талбай" зургаа заржээ. Урлагийн наймаачин дүү Тео нь түүнд санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс гадна орчин үеийн урлагийн ертөнц дөх нөлөө бүхий хүмүүстэй уулзах боломжийг олгодог байсан. Амьдралынхаа туршид үл мэдэгдэх, эрэлт багатай байсан зураач Ван Гогийн бүтээлүүд нас барснаас нь хойш хэдэн арван жилийн дараа л алдар нэрийг авчрсан. Түүний бүтээлүүд одоог хүртэл цуглуулагчдын анхаарлыг татсаар байгаа бөгөөд рекорд үнээр зарагддаг. Хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээлүүд нь "Эмч Гачетын хөрөг" 82,500,000$, "Талбайн ажилтан" 81,300,000$, "Сахалгүй өөрийн хөрөг зураг" 78,000,000$, "Элизиан талбайнууд" 66,000,000$, "Дайзи, намуу цэцэг бүхий натюрморт ваар" 61,765,000 долларын үнэд хүрч дуудлага худалдаагаар тус, тус зарагдсан байна. 






Түүний тухай мультимедиа үзэсгэлэнг 17 еврогоор Милан хотын "Scalo Farini" танхимд санал болгож байна. Ван Гогийн алдарт бүтээлүүдийн нэг "Наранцэцэг"-ээс сэдэвлэсэн танхимын нэвтрэх хэсгээр ороход музей, уран зургийн галерей биднийг угтан авлаа. Энэ хэсэгт Ван Гогийн хамгийн алдартай зургуудын хуулбар, түүний намтар, мэдээлэл бүхий самбаруудыг байрлуулсан байв. Энд байрлуулсан бүтээлүүд нь бүгд хуулбар зургууд гэдгийг тодотгох хэрэгтэй. Түүний бүтээлүүдийн томоохон цуглуулгууд Амстердам дах "Ван Гогийн музей"-д бий. Эхний хэсгийн онцлох зүйл бол түүний алдартай зураг "Арлес дахь унтлагын өрөө"-ний бодит загвар байсан юм. Үзүүлбэрүүд рүү тусгасан гэрлээс бусдаар харанхуй энэ хэсэгт үзэгчдэд зориулан зураг даруулах тод гэрэлтэй цэг бүтээсэн байсан нь сайхан санагдлаа. Мөн Ван Гогийн вааран дээр буулгасан натюрморт цэцэгсийн будаг нь задран тодорч бүдгэрэн ийш, тийш урсаж янз бүрийн үзэгдлүүдийг бүтээж буй шилжилтийг үзүүлэнгийн урд байрлуулсан сандал дээр суугаад үзсэн. Энэ дижитал үзүүлэн нь өөрөө бас нэгэн урлагийн сэтгэл татам бүтээл болсон санагдана.





Музейн танхимын булан дах япон цэц
гийн цай амтлах хэсэг. 
 

Дараагийн хэсэг нь үзэсгэлэнг зорьж ирэх болсон гол шалтгаан Ван Гогийн янз бүрийн зургийг дотор нь орсон мэт шимтэн үзэх боломж олгож буй 360°-д харуулсан проектор бүхий танхим юм. Танхимын хана, шалаар дамжин дүрслэл эргэлдэж, нэг зургаас нөгөө зураг руу шилжих үед нууцлаг хөгжим эгшиглэн ховсдож байв. Саран авхай тэнгэрт аажмаар хөөрч буй "Одтой шөнө' зэрэг түүний алдарт бүтээлүүдийг сэтгэл хөдөлгөм, шинэлэг, хөдөлгөөнт байдлаар уг танхимд үзүүлж байлаа. 360°-д харуулсан проектор бүхий нийт 3 танхим байсан бөгөөд нэгд нь Ван гогийн Япон орноос урам зориг аван бүтээсэн бүтээлүүд, нөгөөд нь түүний алдартай зураг "Наранцэцэг"-ийн хөдөлгөөнт дүрслэл, гурав дах буюу хамгийн том танхимын голд сандлууд эгнүүлэн байрлуулаад Ван Гогийн ертөнцөөр илүү тухтай аялах нөхцөлийг бүрдүүлсэн байв. Бодит мэт аялал үүгээр дууссангүй, хүн тус бүр 3 евро нэмэлт төлбөр төлөөд виртуал аялал хийхийг санал болгосон өрөө байсан юм. Бид 3D виртуал бодит байдлын шил зүүж, зураачийн хамгийн алдартай зургууд болох "Хэрээт улаанбуудайн талбай" -гаар хөндлөн гулд явж "Шар байшин"-ийн гудамжаар алхан, "Ододтой шөнө"-өөр "Шөнийн кафены дэнж"- ээр тэнүүчилсний эцэст түүний "Унтлагын өрөө" -нд саатан зураачид урам зориг өгч, хүрээлж байсан орон зайд нь цаг хугацааны машинд суусан мэт аяллаа.





Дараагийн хэсэгт зургийн танхим биднийг угтаж байв. Энэ хэсэг бол суут зураачаас урам зориг авсан үзэгчид түүний зургуудаас бүрдсэн будах хуудаснуудаас өөрт таалагдсанаа сонгон будах бүтээлч хэсэг байв. Будаж дуусаад гарын үсгээ зураад хэвлэх хэсэгт зурагт хуудасны булан дах QR кодыг уншуулснаар арын том дэлгэц руу оруулж бусдад харагдахаар дижитал хувилбар болгон үзүүлж байсан нь бас нэгэн сайхан санаа байв. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү мультимедиа үзэсгэлэнг сайтар бодож тунгаан, төлөвлөн бүтээжээ.




Ийнхүү бидний суут уран бүтээлчийн ертөнцөөр аялсан нэг цагийн аялал өндөрлөж төгсгөлийн танхим болох бэлэг дурсгалын хэсэгт ирлээ. Энэ хэсэгт түүний уран зургуудын тухай номууд, алдартай бүтээлүүдийн хэвлэлтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнүүдийг Ван Гогийн шүтэн бишрэгч, уран зураг, урлаг сонирхогч үзэгч олонд санал болгон дэлгэжээ.



Винсент Ван Гог нь зураачаас гадна гүн ухаантан, зохиолч байсан бөгөөд ертөнцийг өвөрмөцөөр харж, амьдрал, урлагийн талаар гайхалтай эшлэлүүдийг бидэнд үлдээсэн алсын хараатай нэгэн байсныг гэр бүл, найз нөхдөдөө бичсэн захидлаас нь харж болно. Тэрээр захидлуудаа ихэвчлэн дотоод бодол, мэдрэмжээ илэрхийлэх арга болгон ашигладаг байсан. Түүний захидлууд нь өдгөө уран зураг шигээ алдаршсан билээ. 
Урлаг, аялал, ном гуравт зарцуулсан мөнгө зарлага бус хөрөнгө оруулалт гэдэг шүү дээ. Шинэлэг "өөр" үзэсгэлэнг дахин зорихоор шийдсэндээ талархаж байна. Жирийн нэгэн өдрийг минь онцгой болгон хувиргасан аялал байлаа.
"Хэрвээ бид юу ч оролдох зориггүй байсан бол амьдрал ямар байх байсан бол?" хэмээн нэгийг бодогдуулсан түүний асуултаар энэ удаагийн блогоо өндөрлөе. Амьдралын хамгийн хүнд хэцүү цаг үед ч гайхалтай зүйл бүтээж болдгийг харуулсан түүний түүх, сэтгэлийн гүнээс тань чангаан байх тэр нэгэн хүсэл, мөрөөдлөө оролдож үзэх урам, зориг хайрлах болтугай.


OUTFIT OF THE DAY



Жинсэн даашинзаар классик, элегант, эмэгтэйлэг харагдах боломжтой болов уу? Тиймээ боломжтой. Гэхдээ анхаарах хэд, хэдэн зүйл байдгийг хувцас загварт дуртай та нартайгаа хуваалцаж байна.
1. Өөрт нь зориулж хийсэн мэт яг, таг таарах хэрэгтэй. Томдсон эсвэл багадсан мэт "Oversize, Cropped" загвараас татгалзаарай. 
2. Элегант, классик, үнэтэй харагдахын тулд хөх өнгө тэр тусмаа бараан хөх өнгийн жинс сонгоорой.
3. Хатуу жинсэн материал болон цайралттай загвараас зайлсхийгээрэй. Оронд нь илүү гөлгөр, зөөлөн бүтэцтэй жигд өнгөтэйг сонгоорой.
4. Урт буюу өвдөг давсан болон хормой хэсгээрээ хэт бариу бус "A line" загварыг сонгоорой. Дунд зэргийн болон богино урттай жинсэн даашинз тачаангуй, секси дүр төрх бүрдүүлэхэд тохиромжтой. 
5. Товч, оёдол, гоёл чимэглэл гэх мэт нарийн ширийн зүйлийг анхаараарай. Энгийн даруу цэвэрхэн хийцтэй байх нь классик, элегант байдлыг тодотгож өгдөг.
Өнөөдрийн өмссөн жинсэн даашинз дээрх бүх шинж чанарыг агуулж байсан тул надад таалагдсан юм. Ингээд бараан хөх өнгөтэй хамгийн төгс зохицдог цагаан өнгийн бусад зүйлсийг хослуулан хичээгээгүй мэт энгийн хэр нь дэгжин, классик дүр төрхийг бүрдүүллээ.
Зөвлөгөө: Бараан хөх, цагаан өнгөний зохицол дээр тод өнгө нэмэхийг хүсвэл улаан өнгийг сонгоорой. Эдгээр 3 өнгө хоорондоо хамгийн гоё зохицдог өнгөнүүд. Жишээ нь бор цүнхний оронд улаан өнгөтэй жижиг цүнх барьсан ч болно шүү дээ.

Outfit details:
Даашинз: Polo ralph lauren 
Цамц: Gobi cashmere
Цүнх: Strathberry
Гутал:The Seller
Нарны шил: Boss








Comments

Их үзэлттэй