Ноён Жиустигийн цэцэрлэгт хүрээлэн



Ciao bella.
Сэргэн мандалтын үеийн цэцэрлэгт хүрээлэнгээс амар амгаланг айлтгая. Амьтай бүхэн сэрж, өнгөтэй бүхэн дэлгэрч буй "ирж яваа" цагийг угтан, өнгөрсөн үеийн гуа үзэсгэлэнг бахдан амралтын өдрөө өнгөрүүлэхээр нэгэн цэцэрлэгт хүрээлэнд ирээд байна. Энэ бол уулын энгэр дээр байрладаг, Верона хотын үзэмжтэй, сэргэн мандалтын үеийн сонгодог цэцэрлэгт хүрээлэн юм. Цэцэрлэгийн хөшөө, усан оргилуур, түүхэн төөрдөг байшин нь олон зууны турш жуулчдыг татсаар ирсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн түүх Тосканаас Верона руу аз завшаан хайж ирсэн Жиусти гэр бүлээс үүдэлтэй. Удмын нэрээр нэрлэсэн Жиусти ордон, цэцэрлэгт хүрээлэн нь Верона хотын ижил нэртэй гудамжинд, хотын зүрхэнд оршдог нууцлаг, ногоон баян бүрд юм.



13-р зууны төгсгөлд ноос будах нь Веронагийн баялгийн гол эх үүсвэр байсан бөгөөд Жиустигийн гэр бүл Тоскан дахь гэрээсээ Верона руу нүүсэн нь энэ бизнест аз завшаан хайсан явдал. 1406 онд Проволо Жиусти Верона хотын хэрмийн ойролцоо эртний Постумын замын хажууд газар худалдаж авсан бөгөөд дараагийн хоёр зууны турш хуучин хотын хэрэмтэй хиллэдэг энэ хэсэг газар буюу одоогийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарт ноосыг дэвтээсэн будгийн асар том тогоонуудыг буцалгахад ашигладаг байсан. 200 жилийн дараа залуу үр удам Агостино Жиусти энэ газрыг огт өөр зорилгоор ашиглахаар шийджээ. Түүний санаа бол сэргэн мандалтын үеийн хэв маягаар тохижуулсан албан ёсны цэцэрлэг бүхий гоёмсог ордон барих явдал байв. Сонгодог үзэл баримтлал дээр үндэслэсэн энэ төрлийн загвар нь тухайн үедээ маш их алдартай байсан бөгөөд хожим нь цэцэрлэгт хүрээлэн Гранд аяллын алдартай зогсоол болсон "17-р зууны Европын залуу язгууртнууд, чинээлэг хүмүүсийн Европыг тойрон хийсэн аяллын заншил". Нэр хүндтэй зочдын дунд Моцарт, Гёте, Хабсбургийн эзэн хаан Иосеф II, Косимо III де Медичи, Шарль де Броссес, Томас Аддисон, Жон Эвелин, Рускин, эзэн хаан II Иосеф, Савойн хаан Карло Фелис, Оросын хаан I Александр нар байжээ.




Жиусти цэцэрлэгт хүрээлэнгээс сэргэн мандалтын үеийн тренд загвар дизайны элементүүд, тэр дундаа домогт дүрс, Ромын эд өлгийн зүйлс, кипарис модны сүрлэг өргөн чөлөө, усан оргилуурууд, акустик агуйнууд ба төөрдөг байшинг үзэх боломжтой. Жиусти цэцэрлэгт хүрээлэн нь Италийн төдийгүй Европ дахь хамгийн эртний, алдартай, үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг тод жишээ юм. Дэлхийн 2-р дайны үеэр маш их эвдэрч сүйдсэн тул 19-р зуунд цэцэрлэгт сэргээн засалт, өөрчлөлт орсон. Гэсэн хэдий ч Агостино Жиустигийн анхны хувилбар, алсын хараатай ойртуулан сэргээн завсарлаж чадсан байна. Цэцэрлэгт хүрээлэнд учирсан хохирол дайнаар дууссангүй. 2020 онд цэцэрлэг хүчтэй шуурганд өртөж, олон мод түүний дотор 600 жилийн настай Гёте кипарис өртөн сүйрчээ. Энэ явдлаас хойш цэцэрлэгт хүрээлэн нь "Europa Nostra"-гийн "Хамгийн ховордсон 7" өвийн эрсдэлтэй газруудын жагсаалтад орсон байна.


Гол хашаа нь Гибеллин фракцын "дундад зууны Италийн улс төрийн фракц" өвөрмөц залгиур сүүлээр чимэглэсэн өндөр тоосгон ханаар хүрээлэгдсэн бөгөөд энэ нь Жиусти овгийн гарал үүслийг илтгэнэ. Орцны үүдний танхим болон хашааг анх 1581 онд Торкуато Тассогийн "Аминта" хэмээх үлгэрийг найруулсан театрын үзүүлбэр, Филармоника академийн зохион байгуулсан хөгжмийн арга хэмжээнд ашиглаж байжээ.







Франц хэв маягийн партерийг "тэгш хэмтэй хэв маягаар тусгаарлагдсан, замуудаар холбогдсон цэцэрлэг" 1765 онд зохион бүтээсэн бөгөөд хэсэг бүрт домогт дүрүүдийн хөшөөг байрлуулсан байдаг. Диана, Сугар, Аталанта, Аполло, Адонис зэрэг таван хөшөө нь уран барималч Лоренцо Муттонигийн бүтээлүүд юм.





1786 онд Луижи Треззагийн дахин зохион бүтээсэн төөрдөг байшин. Бид энэхүү өвсөн төөрдөг байшинд ороод голын цэгт хурдан амжилттай хүрсэн ч гарах гарцаа олохгүй төөрсөн нь цэцэрлэгт хүрээлэнд өнгөрүүлсэн хамгийн хөгжилтэй мөч байгаад зогсохгүй өдрийн алхах норомдоо нэмэр болсон явдал байлаа.



Уран барималч Бартоломео Ридольфигийн нэрэмжит аймшигт маск. Энэхүү маскны амнаас гал, утаа гаргах зориулалттай байсан нь тухайн үеийн зочдыг айлгаж, гайхшируулдаг байжээ. 






Цэцэрлэгт хүрээлэнд сэргэн мандалтын үеийн сонгодог хоёр усан оргилуур сүндэрлэн байх агаад нэгд нь загас жараахай нөгөөд нь судалт яст мэлхийд сэлж байдаг.







12-р зууны Верона хотын хэрэм. Энэ нь Остроготын хаан Теодорикийн "454-526" эртний ханан дээр баригдсан. Бахус, Церера, Сугар гаригийн барималуудыг байрлуулахын тулд гурван тор сийлсэн, Грек Хесперидийн цэцэрлэгийн домогт жимс гэгддэг цитрус жимс нь тухайн үед Венето мужийн орлогын чухал эх үүсвэр байсан.





Эртний цэцэрлэгт хүрээлэнд Ромын архитектурын хэлтэрхий, том чулуун дээр сийлсэн цэцэг, жимсний дүрстэй эд өлгийн зүйлс байдаг.






13-р зууны багануудаар барьсан асар. Асрын нууц гарц нь ногоон хонгил руу хөтөлдөг бөгөөд асар дээрээс Верона хотын үзэмжийг болон цэцэрлэгт хүрээлэнг тольдож болох үзэсгэлэнт үзэмжтэй.




16-р зууны архитектурын фасадтай ангал. Арын ханыг толин тусгалаар бүрхсэн бөгөөд хоёр талын ханыг фрескээр "ханын зураг зурахад ашигладаг техник " чимэглэсэн. Бүрхүүл, шүр, сувд, хөвөн зэргээс бүрдсэн таазны анхны чимэглэлүүдийн үлдэгдэл хэвээр хадгалагдаж байна.




14-р зууны үеийн хотын хэрэмтэй зэргэлдээ орших дээд цэцэрлэгт хүрэх нууц ороомог шат бүхий цамхаг.






Гоо үзэсгэлэнг цогцлоосон цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж дуусаад бид Жиусти ордноор зочилсон. Миний ард харагдаж буй Палаццо хоёр том орон сууц, төв хүлээн авах өрөөнд хуваагддаг. Орон сууц нь Жиусти гэр бүлийн өдөр тутмын амьдралын тухай өгүүлдэг долоон өрөөнөөс бүрддэг бөгөөд энэ нь 16-р зууны сүүлчээс 20-р зууны дунд үе хүртэл хийгдсэн ажлын үр дүн юм. Ордны гол танхимд Италийн нэрт зураач Жованни Баттиста Тиепологийн зурсан гайхалтай зургууд байдаг. Энэхүү ордны дотоод засал нь гоёмсог дизайн, архитектурын онцлог шинж чанар, Италийн загвар дизайны сүр жавхлан, гоо зүйг харуулдаг. Ордон, цэцэрлэг нь одоо ч Жиусти гэр бүлийн өмч.





Аврора өрөө. Орон сууцны хамгийн чухал өрөө болох Аврора өрөөг 1766 онд Веронегийн зураач Франческо Лоренци '1720-1784" домгийн сэдэвт фрескээр чимэглэсэн. Дэлхийн 2-р дайны үеэр бөмбөгдөлтөд өртөж гэмтсэн ч 1954 онд шинэ гантиг шалыг тавих үед сэргээн засварлажээ.






Зоогийн өрөө. Энэхүү өрөө нь 1954 онд инженер Чезаре Бенсиолинигийн "1894-1977" тусламжтайгаар сэргээн засварлах ажлын үр дүн юм. Хана нь гурван том ландшафтаар чимэглэгдсэн бөгөөд дээд цэцэрлэгээс харахад Веронагийн үзэмжийг 19-р зууны үеийн сийлбэрээс сэдэвлэн зурсан зураач Оразио Пигатогийн "1896-1966" бүтээлүүд юм.






Тах зургийн өрөө. Энэ өрөө нь Падуа мужийн Читтаделла гүрний виллагаас гаралтай тах хээгээр чимэглэсэн. Буйдангийн ханан дээр Читтаделла гэр бүлийн гишүүдийн хөрөг зургаас бүрдсэн найруулга өрөөний онцлох хэсэг.





Унтлагын өрөө. 1954 онд Чезаре Бенсиолинигийн зохион бүтээсэн хонгилтой бөгөөд эзэнт гүрний хэв маягийн гоёмсог ортой. Таазыг Франческо Лоренцигийн бүтээл болох "Цаг ба үнэний ялалт"-ын уран зураасаар чимэглэсэн байдаг.




Баримлын өрөө. Энэ өрөөнд Венецийн язгууртан, сенатор Молины цуглуулгаас олдсон баримлын хэлтэрхийнүүд байдаг. Хэтэрхийнүүд нь янз бүрийн гарал үүсэлтэй, огноотой, зарим нь археологийн малтлага, зарим нь дундад зууны эсвэл Сэргэн мандалтын үеийн, зарим нь хуурамч. Энэ бол 1926 оноос хойш Жованни Жиусти болон түүний эхнэр Элеонора Альбертини нарын хийсэн сайжруулалт хамгийн тод харагддаг өрөөнүүдийн нэг аж. Чухамдаа тэр жил хосууд палаццо, цэцэрлэгт хүрээлэнг үеэл ах Веттор Жиустигаас өвлөн авчээ.




Залууны өрөө. Задгай зуухны өрөө гэгддэг энэ өрөө болон зэргэлдээ баримлын өрөөнүүдийн аль алиных нь гэрлийн тааз Агостино Жиусти "1546-1615" үеийнх юм. 16-р зууны дам нуруун дээрх чимэглэлийг будсан гоёл чимэглэлийн фризийн "гоёл чимэглэлийн архитектурын элемент " хамт 1926 онд Жованни, Элеонора Жиусти нар нэмсэн. Эдгээр фризүүдэд Жиусти гэр бүлийн хоёр сүлд багтсан. 16-р зууны задгай зуухыг 1926 онд нэмсэн. Үзэсгэлэнд тавигдсан уран баримлын бүтээлүүдийн дунд ялангуяа Венецийн сенатор Молинын баримал байдаг.





Улаан өрөө. Улаан өрөө нь 19-р зууны хэв маягийг тусгаж, ханыг бүрхсэн улаан хятад торго болон капитоне хэв маягаар бүрсэн том булангийн буйдангаас нэрээ авсан. Энэ бол палаццод амьдарч байсан гэр бүлийн сүүлчийн гишүүн Элеонора Жиусти Альбертинигийн зочны өрөө байжээ.




Өнгөрсөн жил Борромео ордноор "Борромео ордон цэцэрлэгийн тухай энд" зочлоход олны хөл хөдөлгөөнд дарагдсан байлаа. Харин Жиусти ордон, цэцэрлэг зочин гийчин багатай байгааг олзуурхан ордны төв танхимын цонхоор нэвтэрэх нарны тусгалд, цэцэрлэгт хүрээлэнгээс эгшиглэх төгөлдөр хуурын тансаг аялгуунд хэсэг зуур бүжсэн минь сэтгэл хөдөлгөсөн, гайхалтай мөч байлаа.
Италийн дипломатч, Венецийн Бүгд Найрамдах Улсын баатар, Тосканы их гүн урлаг, загварын ивээн тэтгэгч, эрдэм мэдлэгт ноён Агостино Жиустигийн санаачлан зохион бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнг олж илрүүлсэндээ баяртай байна. Верона хотод би жилд хэд хэдэн удаа ирдэг ч энэ гайхалтай газрын хаагуур нь өнгөрснөө гайхнам. Итали орон намайг гайхшируулж дуусахгүй нь дэгээ. 
Сэргэн мандалтын үеийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тод жишээ гэдгээрээ магтан сайшаагдсан үзэмж төгс, амар амгалант газраар хамт зугаалсанд баярлалаа. Миний адил цэцэрлэгт хүрээлэнд дурлагч ялангуяа сонгодог загвар дизайныг биширдэг бол мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулах олон сайхан санаа, урам зориг авсан хэмээн найдна. 
Жиусти цэцэрлэгт хүрээлэнд хийсэн REEL үзэх бол энд

Outfit of the day







Миний хамгийн өмсөх дуртай даашинз бол сурагч захтай, бүстэй, халаастай, А загвартай даашинз. Энэ даашинз нь маш энгийн хэр нь жинхэнэ классик, элегант дүр төрхийг бүрдүүлдэг. Зуны улиралд торгон болон тааран материал хамгийн тохиромжтой. Гоёл чимэглэлд торгон алчуурыг сонгон үсэндээ зангидаж дэгжин байдал нэмлээ.

Даашинз: Ralph lauren- Polo
Цүнх: Strathberry
Алчуур: Versace 
"Олон жилийн өмнө авч байсан учир интернэтээс ижил загвар олдоогүй тул төстэйг ашиглалаа"
Углааш: Ил худалдаанаас авсан гар хийцийнх. Зурагт байж болох углаашийн загварыг санаа өгөх зорилгоор хавсаргасан болно.



Comments

Их үзэлттэй